Импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавих хорио цээрийн шаардлагыг тогтоосон журам батлагдлаа.

Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, иргэдийн импортоор оруулж ирж буй усан замын тээврийн хэрэгслийн тодорхой хувь нь далай, тэнгисийн давстай усанд ашиглагдаж байсан, ямар нэгэн ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүйгээр цэнгэг устай гол, мөрөн, нууранд шууд ашиглаж байна. Түүнчлэн ОХУ-ын иргэд Хөвсгөл нуурт аялж зугаалах зорилгоор хувийн завийг Монгол Улсын хойд хилээр тээвэрлэн оруулж ирдэг.  

Энэ нь далайн элдэв бичил биет усан замын тээврийн хэрэгслийн ёроол, хөдөлгүүр, чиргүүлд наалдан зөөвөрлөгдөн орж ирэх, улмаар манай орны цэнгэг уст гол, мөрөн, нуурт өсч үржин бохирдуулж болзошгүй байдалтай байгаа юм. 

Иймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавих эрүүл ахуй, халдвар, хорио цээрийн шаардлагыг тогтоосон журмыг боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 288 дугаар тогтоолоор батлуулаад байна. Уг журмаар импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгслийг заавал ариутгал халдваргүйжүүлж, улсын хилээр нэвтрүүлдэг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгож байна. Журмын хэрэгжилтэд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба, холбогдох хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллахаар заасан. Ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, үйл ажиллагаанд болон чанарт хилийн мэргэжлийн хяналтын алба мөн хяналт тавьж ажиллахаар журамд заасан.  

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Монгол Улсын Далайн захиргаанд импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавих эрүүл ахуй, халдвар, хорио цээрийн шаардлагыг тогтоосон журмыг олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг ханган ажиллах талаар зохих үүрэг чиглэлийг өгсөн болно.   

АНУ-д ариутгал хийлгэсэн тохиолдолд завийг нууранд аялах зөвшөөрөл олгодог, түүнээс олсон орлогыг тухайн нуурын эко системийг хамгаалахад зарцуулдаг туршлагыг цаашид орон нутгийн байгаль орчны байгууллагууд нэвтрүүлэх нь зүйтэй юм.

 

Доорх холбоосоор орж журамтай танилцана уу.

https://monmarad.gov.mn/article?id=652

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ