Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан.
Энэхүү ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яам болон Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” усан онгоц болон живсэн бусад машин, техник хэрэгслийг илрүүлэх, байрлалын зураглал гаргах судалгаа хийх, усчин аврагчдыг бэлтгэх дадлага сургалт нэгдсэн арга хэмжээг 2021 оны 09 дүгээр сарын 20-27-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулаа.
Судалгааны ажилд ОХУ-ын Онцгой байдлын яам болон Байгалийн эрэн хайх, аврах отрядаас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг, 300 метр хүртэл гүнтэй усанд эрэн хайх ажиллагаа явуулах хүчин чадалтай эхолот болон усны дрон зэрэг тусгай зориулалтын багаж, тоног төхөөрөмжтэйгөө оролцсон.
Түүнчлэн Монгол Улс Хөвсгөл нуур живсэн машин техникийг гаргах ажлыг бие даан гүйцэтгэх зорилгоор онцгой байдлын албан хаагчдад зориулсан гүний шумбалтын онолын болон дадлагын сургалтыг ОХУ-ын мэргэжилтэн, багш нарын тусламжтайгаар явуулсан.
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь дээрх хамтарсан дадлага сургалт, судалгааны болон Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах ажилд ХБНГУ-д үйлдвэрлэсэн далайд аврах ажиллагаа явуулах зориулалттай 8,3 метрийн урттай тусгай тоноглол бүхий завь техникийн дэмжлэг үзүүлэн холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчдыг оролцуулж, хамтран ажиллаж байна.