Суэцийн суваг амжилттай ажиллаж байна

    “Ковид-19” өвчин шинээр гарч дэлхийн хүн амын дунд цар тахал хэлбэрээр тархсан нь дэлхий нийтийн худалдаа эдийн засаг, тээвэрлэлтийн салбарт хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн бөгөөд хэвийн байдалд орох хүртэл тодорхой хугацаа шаардагдахаар харагдаж байна.

    Далайгаар тээвэрлэгддэг ачаа бараа нь хөлөг онгоцны шугаман болон захиалгат аяллын тоо хэмжээ, боомтын ачих, буулгах, хадгалах тоног төхөөрөмж, агуулах сав, чингэлгийн олдоцтой холбоотойгоор логистикийн тодорхой цэг бүрт хүлээгдэх болсон нь бараа бүтээгдэхүүний түгээлтийн ердийн гинжин хэлхээг тасалдуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн.

    2021 оны 3 дугаар сард Суэцийн сувгаар дамжин өнгөрч байсан хөлөг онгоц сувагт хөндлөнгөөрөө гацаж бүтэн 6 хоногийн турш хэвийн ажиллагаа бүрэн зогссоноор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудын хуваарьт огцом өөрчлөлт гарч улмаар дэлхийн худалдаа, эдийн засаг бүхэлдээ цочролд орсон.

    Энэхүү үйл явдал нь цар тахлаас шалтгаалан үүсээд байсан бусад нөхцөл байдлыг бүрмөсөн дордуулсан нь газрын тосны үнэнд хүртэл өөрчлөлт орсноор тайлбарлаж болно.

    Ийнхүү түр зогсолттой байсан эдийн засаг 2021 онд сэргэж эхэлснээр сувгаар дамжин өнгөрөх хөлөг онгоцны тоо эрс нэмэгдэх хандлагатай байгааг тус сувгийн удирдлагаас мэдэгдэв. Суэцийн сувгийн захиргааны дарга дэслэгч генерал Осама Рабийгийн хэлснээр манай сувгаар дамжин өнгөрөх хөлөг онгоцны тоо болон даац мэдэгдэхүйц өссөн нь бидний баримталж буй үнэ, тарифын уян хатан бодлоготой холбоотой гэжээ.

    2021 оны эхний 6 сарын статистик мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулсан дүнгээс харахад сувгаар нийт 9763 хөлөг онгоц дамжин өнгөрсөн нь өмнөх жилийн 9564 хөлөг онгоцноос 217 хөлөг онгоцоор илүү байгаа бол даацын хувьд нийт 610.1 сая тонн байгаа нь өмнөх жилийн мөн үеэс 22.4 сая тонноор нэмэгдсэн ба 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэжээ.

Хөлөг онгоцны өсөлтийг тээврийн хэрэгслийн төрлөөр нь харуулбал:

  • Шингэрүүлсэн хий тээвэрлэгч 25 хувиар;
  • Чингэлэг тээврийн хөлөг онгоц ойролцоогоор 10 хувиар;
  • Автомашин тээвэрлэгч 27,8 хувиар;
  • Хуурай ачаа тээвэрлэгч 5 хувиар нэмэгдсэн байна.

Суэцийн сувгийн хувьд 2021 онд хүндхэн сорилтуудтай учирсан хэдий ч урьд өмнө нь гарч байгаагүй өндөр ашиг орлоготой жил болж байгааг сувгийн захиргааны дарга тэмдэглэн хэлжээ.

https://www.maritime-executive.com/article/suez-canal-reports-record-revenues-and-increases-in-transits

 

 

 

ДАЛАЙН ТЭЭВЭР, БООМТ АШИГЛАЛТЫН АЛБА

2021.09.01

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ