Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол мөрөн, нууруудад усны ослоор амь насаа алдсан хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд онцгой байдлын байгууллагын мэдээлснээр усны ослын гол шалтгаан нь бага насны хүүхдээ усны ойролцоо хараа хяналтгүй орхих, тэдэнд тавих хяналтаа сулруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрөн, нуурын усанд орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэл (хийлдэг гудас, хөвөгч тоглоом) ашиглаж байгаатай холбоотой гэж дүгнэж байна. Энэхүү осол, эндэгдлийг дахин гаргуулахгүй байх, бууруулах, урьдчилан сэргийлэх талаар хариуцсан төрийн байгууллагууд тодорхой ажил хийж байгаа хэдий ч иргэдийн зүгээс хариуцлагатай аялж, өөрийнхөө болон бусдын амь насыг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатай байна.
Аялагч иргэдийн гол, мөрөн, нууранд нийтлэг ашигладаг ахуйн зориулалттай “Intex” маркийн хийлдэг завийг хэрхэн, зөв ашиглах талаар тодорхой мэдээлэлгүйгээс усанд осолдох тохиолдол гарсаар байна. Иймээс иргэд олон нийтэд зориулан “Intex” маркийн хийлдэг завийг аюул, осолгүй ашиглах талаар “Хийлдэг завь тоглоом биш” зөвлөмжийг мэргэжлийн байгууллага болох Монгол Улсын Далайн захиргаанаас бэлтгэн хүргэж байна. Тус байгууллагаас олон нийтэд чиглэсэн “Хийлдэг завь тоглоом биш” аяныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү аянд орон нутгийн захиргааны байгууллага, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
“Intex” маркийн хийлдэг завийг хаана ашиглаж болох талаар товч мэдээллийг хүргэе. Энэхүү завийг эргийн хамгаалалт бүхий газарт эсхүл жижиг нуур цөөрөм, голын гүехэн хэсэг, булан тохойд, салхины хүч нь 4 м/сек, давлагааны өндөр нь 0,3м-тэй усан орчинд ашиглах зориулалттайг анхаарах хэрэгтэй.
“Intex” маркийн хийлдэг завийг ашигдахад анхааруулах болон хориглох зүйлс:
Усан замын тээврийн тухай хууль болон Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байснаар иргэн та өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлж чадна.