Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайд Т.Бадрал болон бусад албаны хүмүүстэй Тяньжин боомтод үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх тухай цахимаар хуралдав

           Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүн бүхий 5000 гаруй чингэлэг БНХАУ-ын Тяньжин боомт дээр бөөгнөрөөд байгаа бөгөөд одоогийн үүсээд байгаа хүндрэлийг шийдвэрлэхийн тулд Монгол Улсаас БНХАУ дахь ЭСЯ-ны зүгээс ямар арга хэмжээ авч байгаа, цаашид хамтран ажиллах боломжийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагт цахимаар зохион байгуулав.

           Тус хуралдаанд ЗТХЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН)-ийн Ачаа тээвэр болон  Гадаад харилцаа хариуцсан орлогч дарга нар, Монголын Тээвэр Зуучлагчдын нэгдсэн холбоо (МТЗНХ)-ны ТУЗ-ийн дарга, гишүүд, ЗТХЯ-ны Далайн захиргааны мэргэжилтнүүд оролцлоо.

            Элчин сайд Т. Бадрал хэлэхдээ чингэлэг тээвэрлэлттэй холбоотой нөхцөл байдал нь дэлхий дахинд үүсээд байгаа цар тахалтай холбоотой гарч буй эдийн засгийн хүндрэл бөгөөд энэхүү цаг зуурын хүндрэлийг Давагдашгүй хүчин зүйл гэж үзэхгүй байхыг хүслээ. Тэрээр хэлэхдээ Тяньжин боомтоос Эрээн боомт хүртэл хуваарийн дагуу өдөрт 1 галт тэрэг явдаг. Энэ хуваарьт өөрчлөлт оруулаагүй байгаа боловч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын ачаа барааны урсгал огцом нэмэгдэх болсон нь чингэлэг овоорох үндэс болсон. Харин Хятадын талаас хийсэн ямар нэгэн хориг саад байхгүй байгааг мэдэгдлээ.

           УБТЗ  ХНН-ийн Ачаа тээвэрлэлт хариуцсан орлогч дарга С.Цэвээндорж болон Гадаад харилцаа хариуцсан Орлогч дарга А.Анар нар төмөр замтай холбоотой Хятадын талаас хийсэн хязгаарлалт байхгүй болохыг мөн нотолсон ба урьд нь зохих журмын дагуу хийсэн гэрээ, хэлэлцээрийн дагуу тохиролцсон хуваарийн дагуу галт тэрэг явж байгааг мэдэгдэв. Түүнээс гадна Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит ачаанаас шалтгаалан Монгол Улсын импортын ачаа бүхий чингэлэг  тээвэрлэлт гацах явдал огт гараагүй, харин Тяньжин боомтоос Эрээн боомт хүртэл ачаа тээвэрлэдэг авто тээврийн хэрэгслийн Эрээн хот дахь бөглөрлөөс шалтгаалан урьд нь авто тээврээр явдаг байсан ачаа төмөр зам руу шилжих болсон нь энэхүү бөөгнөрөл үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг  тайлбарлав.

           МТЗНХ-ны ТУЗ-ийн гишүүд хэлэхдээ энэхүү асуудал нь зөвхөн гэнэт нэг өдөр бий болсон асуудал биш, энэ оны 2 дугаар сараас эхлэн бага багаар хуримтлагдаж ирсэн ба БНХАУ-ын Тяньжин боомтын зүгээс 3 дугаар сард 8 хоногийн турш нэг ч галт тэрэг гаргаагүй нь асуудлыг улам хүндрүүлсэн гэж үзэж байгаа тухай, яг энэ хэвээрээ өдөрт нэг галт тэрэг явуулсан хэвээр байвал хэзээ ч шийдэгдэхгүй хуримтлагдсан чингэлгийн бөөгнөрөл улам нэмэгдсээр байх болно гэв. Учир нь ойрын хугацаанд дахин 3200 Монголын импортын ачаа бараа бүхий чингэлэг Тяньжин боомтод хаяглагдан ирж байгаа гэсэн мэдээтэй байгааг дуулгаад ойрын хугацаанд өдөрт 3-4 галт тэргийг явуулах тухай асуудлыг хэлэлцэж нэгэнт үүссэн бөөгнөрлийг бууруулах боломжийг эрэлхийлж ажиллахыг хүслээ.

     Түүнчлэн тус улстай байгуулсан Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээрийн 7 дугаар зүйл заалтын дагуу хамтран ажиллах боломжийг санал болгов.

           УБТЗ   ХНН-ийн Гадаад харилцаа хариуцсан орлогч дарга А.Анар хэлэхдээ бид төмөр замын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох санал тавьсан хэдий ч БНХАУ-ын төмөр замын байгууллагын зүгээс хариу өгөхдөө бид зөвхөн удирдах байгууллагаас батлан гаргасан хуваарийн дагуу ажиллах үүрэг хүлээсэн байгууллага тул шийдвэр гаргах эрх байхгүй. Иймд дээд шатны байгууллагууд болох БНХАУ-ын ГХЯ, Худалдааны яам, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэгт энэ асуудлаа тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг дуулгалаа.

Элчин сайд Т.Бадралын зүгээс харилцаа холбооны We chat сүлжээнд групп  үүсгэх замаар  хийгдэж буй ажлын талаар харилцан мэдээлэл солилцохыг санал болгосон ба  2021 оны 6 дугаар сарын эхний өдрүүдэд дахин цахимаар хуралдахаар болж  энэ удаагийн хурлыг өндөрлүүлэв.

   

ДАЛАЙН ТЭЭВЭР, БООМТ АШИГЛАЛТЫН АЛБА

                                         

2021.05.27

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ