БНХАУ-ын Тяньжин боомт дээр үүсээд байгаа чингэлгийн бөөгнөрлийг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Гуравдагч орноос далайн тээврийн хөлөг онгоцоор ирж буй Монгол Улсын ипмортын бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын Тяньжин далайн боомт дээр хуримтлагдан гадаад худалдааны урсгалд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар тус боомт дээр 5200 чингэлэг 45 хүртэл хугацаанд хүлээгдэж байгаа нь эдийн засгийн хувьд ихээхэн сөрөг үр дагавартай юм.

Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо (MТЗНХ) -ноос холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Уулзалтад ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу, Хилийн боомтын хэлтсийн дарга Д.Болд, атташе н.Туяа, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул, ЗТХЯ-ны Төмөр замын Олон улсын логистик хариуцсан мэргэжилтэн Б.Батнасан, Авто тээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын нэгдсэн хэлтсийн мэргэжилтэн н.Оюун-Эрдэнэ, Замын Үүд боомт дахь Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн  танхимын Бодлого, стратегийн газрын дарга н.Оюунчимэг танхимын холбогдох мэргэжилтнүүдийн хамт, МТЗНХ-ны ТУЗ-ийн дарга Г.Оргил,  гишүүд Б.Тэлэнгэд, П.Солонго, Монголын Үндэсний Тээврийн Корпорацийн захирал Х.Дэлгэрцэцэг, Гүйцэтгэх захирал О.Даваасүрэн, бусад тээвэр зуучийн байгууллагын төлөөлөл, Далайн захиргааны Ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат, мэргэжилтэн Д.Байгалмаа нар оролцож асуудлыг хэлэлцэж санал солилцов.

Энэхүү цахим хуралдаанд оролцогчдын зүгээс үүсээд буй хүндрэлийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлдсөн нь тээвэр, логистикийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэрхэн төлөвшиж байгааг бодитоор харуулсан чухал арга хэмжээ боллоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооноос 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах ээлжит хуралдаанаар энэхүү асуудлын мөн хөндөн ярилцаж тодорхой шийдэлд хүрэхээр шийдвэрлэв.

 

ДАЛАЙН ТЭЭВЭР, БООМТ АШИГЛАЛТЫН АЛБА

 

2021.05.24

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ