НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн засаг нийгмийн хороо (UNESCAP)-ны 7-р хуралдаан зохион байгуулагдлаа

Дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахлаас үүдэн гарсан эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга нь олон улсын худалдаа болон хөрөнгө оруулалтыг дэмжих явдал юм гэж НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн засаг нийгмийн хороо (UNESCAP)-ны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр цахимаар зохион байгуулагдсан 7-р хуралдаанаас үзсэн байна.

Ковид-19 цар тахлын улмаас эдийн засагт учирсан хор хохирлын хэмжээ 1930-аад оны Их хямралын үеэс хойш бүртгэгдсэн хамгийн сөрөг үзүүлэлттэй гарсан нь нэгэнт тодорхой болжээ.

ESCAP-аас гаргасан мэдээллээс харахад эдийн засгийн хэвийн өсөлтийн хэмжээтэй харьцуулахад Ази Номхон далайн бүс 2020 онд нийтдээ 2.2 их наяд ам долларын алдагдал хүлээсэн тооцоолол байгаа ба үүнд худалдаа, үйлчилгээний салбар  хамгийн ихээр өртсөн байна.

Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Аrmida Salsiah Alisjahbana хэлэхдээ: “Бид одоо бүс нутгийн хэмжээнд суурь нь тавигдсан Ази Номхон далайн Худалдааны хэлэлцээр болон Цаасгүй худалдааны тухай хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хууль эрхзүйн хүрээнд нягт хамтран ажиллах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бэхжүүлэх шаардлагатай байна.” гэжээ.

Ази Номхон далайн орнуудын “Хил дамнасан цаасгүй худалдааны хэлэлцээр” нь 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болох бөгөөд нэгдэж орсон гишүүн орнууд өөрийн улс болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа ажээ. Ялангуяа худалдааг цахимжуулах болон бусад тогтвортой хөгжлийн зорилтууд энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөнд түлхүү тусгагдаж  байгаа юм.

Тус хуралдаанд оролцсон төлөөлөгчид UNESCAP байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй Trade Intelligence and Negotiation Advisor (TINA) буюу худалдаа болон хэлэлцээ хийх үеийн зөвлөх үйлчилгээг улам өргөжүүлж ажиллуулах тухай хүсэлт гаргажээ. Энэхүү зөвлөх үйлчилгээг ашигласнаар улс орнууд, ялангуяа эдийн засгийн хувьд ядуу буурай, бага орлого бүхий орнууд худалдааны гэрээ, хэлэлцээрийг байгуулахад ихээхэн тус дэмтэй байгаа талаар мэдэгдсэн байна.

Мэдээллийн эх сурвалж : https://www.unescap.org/events/seventh-asia-pacific-trade-and-investment-week

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ