Чадраабалын Бат (1935-2021 он)
Хөвсгөл усан замын газрын дарга-капитан, Монгол Улсын Далайн захиргааны ахмад ажилтан Чадраабалын Бат 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, тэнгэрийн оронд заларлаа.
Ч.Бат 1935 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн бөгөөд хүүхэд байхаасаа л аавыгаа даган усан онгоцон дээр ажиллаж эхэлсэн байдаг.
Ч.Бат нь 1962-1967 онд ЗХУ-ын Астрахань хотод Усан замын тээврийн дунд сургуульд усан онгоцны техникч-жолоодогч мэргэжлээр суралцаж төгссөн. Хөвсгөл усан замын газарт ажиллах хугацаанд буюу 1980-1984 онд ЗХУ-ын Новосибирскийн Усан замын тээврийн инженерийн дээд сургуульд хөлөг онгоцны инженер-удирдлагын мэргэжлээр суралцаж төгссөн нь гадаад их далайд хөлөг онгоц жолоодох эрхтэй болсон юм. Ч.Бат далайн болон усан замын тээврийн мэргэжлээр бэлтгэгдсэн Монголын цөөхөн мэргэжилтнүүдийн нэг билээ.
Түүний эцэг БНМАУ-ын гавьяат тээвэрчин, Монголын үндэсний усан замын газрын анхны дарга-капитан Б.Чадраабал агсан бөгөөд тэрбээр удам дамжсан усан онгоцны ахмад байсан юм.
Капитан Ч.Бат нь 1990 оноос өмнө ЗХУ-тай хийгдэж байсан ачаа эргэлт, баруун аймгуудын хэрэгцээ шаардлагыг хангах бараа материал, нефть бүтээгдэхүүнийг усан замаар тээвэрлэх их үйлсийг нэр төртэйгөөр гүйцэтгэж, усан онгоцны багийг хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм, аюулгүй ажиллагааны заавар, журмыг өдөр тутмынхаа ажилдаа мөрдлөг болгон ажиллахад нь сургаж байсан. Тэрбээр Монгол Улсын усан замын тээврийн салбарыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, усан онгоцны баг хамт олныг удирдан зохион байгуулах, залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд өөрийн ухамсарт амьдралаа зориулсан манай салбарын нэр хүндтэй ахмадуудын нэг байлаа.
Чадраабалын Бат нь “Сүхбаатар” усан онгоцны дарга-капитанаар ажиллах хугацаандаа 2182 рейс гүйцэтгэж, 671,5 мянган тонн ачаа тээвэрлэж, 597`868 км усан зам туулсан хүндтэй гавьяатай нэгэн байв.
Төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Шударга журам медаль, Онц хилчин тэмдэг, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан байна.
Монгол Улсын далайн болон усан замын тээврийн салбарын нийт ажилтан, ажиллагсдын нэрийн өмнөөс түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Усан замын газрын дарга-капитан гэж алдаршсан таны авьяас билэг, шударга, ажилч хичээнгүй, эгэл даруу зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай
Монгол Улсын Далайн захиргааны дарга
С.Түвшинтөр