Монгол Улс “Азийн орнуудын Далайн салбарын эмэгтэйчүүд” (Women in Maritime Asia) нийгэмлэгийн гишүүн бөгөөд энэхүү нийгэмлэг нь Олон Улсын Далайн байгууллагын ивээл дор үйл ажиллагаагаа явуулдаг.
Олон Улсын Далайн байгууллага /IMO/ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт (SDG) 2030 хөтөлбөрийн зорилтуудын нэг болох SDG 14 буюу Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах, SDG 5 буюу Жендерийн эрх тэгш байдлыг хамгаалах зорилтуудад нэн тэргүүнд ач холбогдол өгч ажилладаг.
SDG 5 дугаар зорилтын хүрээнд эрэгтэйчүүд олноор ажилладаг далайн тээврийн салбарт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад анхаарч төрөл бүрийн төсөл, хөтөлбөр зохион байгуулж, эмэгтэйчүүдийг далайчны мэргэжил, боловсрол эзэмшихэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна.
Энэхүү арга хэмжээнд тус хөтөлбөрийг хариуцдаг ОУДБ-ын Ажилтан Хэлэн Буни болон Азийн бусад 10 гаруй орны төлөөлөл оролцож, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд болон дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас үүдэн гарч буй сөрөг нөлөөлөл, тэдгээрийг даван туулж буй арга замын талаар хэлэлцэв.
Энэ удаагийн цахим хуралдаанд Филиппин, Мьянмар, Зүүн Тимор, Монгол зэрэг улсын далайн салбарын эмэгтэйчүүд илтгэл тавьж оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Далайн захиргааны мэргэжилтэн, WIMA Asia нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Байгалмаа “Монгол Улсын Далайн салбарын эмэгтэйчүүдийн 2020 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа” сэдэвт илтгэлийг амжилттай тавьж хэлэлцүүлэн, оролцогчдын асуултанд хариулж ажиллалаа.
2020.11.27