BIMCO (Baltic International Maritime Counsel) буюу Балтийн Олон Улсын далайн зөвлөл нэртэй байгууллагын төв Дани Улсын Копенгаген хотод үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү байгууллага нь далайгаар тээвэрлэгдэж буй нийт ачааны 60 хувиас дээш хэсгийг тээвэрлэж буй хөлөг онгоц эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлөн ажилладаг ба 120 гаруй орны далайн тээврийн менежер, брокер, агентуудыг нэгтгэсэн дэлхий дээрх хамгийн хүчирхэг Олон улсын далайн тээврийн холбоо юм.
Холбооны гол зорилго нь дэлхий даяар далайн тээврийн харилцаанд оролцож буй гишүүдэд үйлчлэн мэдээлэл зөвлөгөөгөөр хангах, бизнесийн туршлага, практик шийдлийг санал болгох, гэрээ хэлэлцээр болон бусад практик ажиллагааг хооронд нь уялдуулах, нэгдсэн стандартад оруулах, далайн тээврийн өдөр тутмын процесс, үйл ажиллагааг хялбаршуулахад чиглэгддэг.
BIMCO байгууллагын дэлхий даяар мөрдөгдөж буй далайн тээвэртэй холбоотой зохицуулах механизмыг хөгжүүлэх, эдгээрийг энэхүү салбарт хэрэгжүүлэхэд гаргаж буй хүчин чармайлт, үйл ажиллагааг нь НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлж ирсэн ба өөрийн бүтцийн хүрээнд ажилладаг Төрийн бус байгууллага хэмээн тооцож, магадлан итгэмжилсэн байна.
BIMCO нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд НҮБ-ын гишүүн Америк, Европ болон Ази тивүүдэд орших орнуудын Засгийн газар болон дипломат төлөөлөгчийн газруудтай хаалттай яриа хэлцэл хийж асуудал шийдвэрлэхэд оролцдог, тухайн улсын далайн захиргаад, хэрэгжүүлэгч байгууллагууд болон салбарын хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд ч үүнд хамаардаг ажээ.
Грекийн Афин, Сингапур, Хятадын Шанхай хотуудад салбар нэгжтэй, өөрийн байгууллагын 120 гаруй гишүүн орнуудын Далайн тээвэрт хамааралтай байгууллага, иргэдэд сургалт явуулдаг.
Өнөөдөр BIMCO-гийн Ерөнхийлөгчөөр 2017 оны 6 дугаар сард сонгогдсон Грек Улсын “Common Progress” далайн тээврийн компанийн CEO Anastasios Papagiannopoulos ажилладаг.
Тус байгууллагын зүгээс 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж буй ОУДБ-ын MARPOL конвенцын VI хавсралт болох “Хөлөг онгоцны түлшнээс ялгарах хүхрийн хүчлийн хийг бууруулах тухай” Олон Улсын конвенцын хэрэгжилт болон үүдэн гарах нөлөөллийг 2020 оны 2-5 сарын хооронд гишүүн байгууллагуудаас судалгаа авах замаар багцалсан ба тайлан нь 2020.05.06-ны өдөр бэлэн болсон гэв.
Судалгааны үр дүнд шатахууны шинж чанарын тогтвортой бус байдлаас шалтгаалан далайн тээврийн өдөр тутмын үйл ажиллагаа, хөлөг онгоцны хэвийн ачаалалд учирч буй олон төрлийн техникийн доголдол, гэмтлийн талаар гарсан гомдол, гишүүн байгууллагаас авсан баримт нотолгоог бэлтгэсэн байна.
Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://www.bimco.org/news/priority-news/20200819-industry-survey