ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа нь Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор салбарын захиргааны хэм хэмжээний актуудыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. 2019 онд “Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам”-ыг шинээр боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батлуулсан.
Усан замын тээврийн хэрэгслийн жолоочдыг батлагдсан хөтөлбөрийн дагуу сургаж бэлтгэхээр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулж, батлуулах ажлыг ХНХЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэлээлэл, арга зүйн төвтэй хамтран хэрэгжүүлж байна.
Сургалтын хөтөлбөр, стандарт боловсруулах ажлын хүрээнд тухайн ажил мэргэжлийн дүн шинжилгээг (DACUM) хийж, ажил мэргэжлийн лавлах, мэргэшлийн түвшин бүрээр онолын болон ур чадварын даалгавар боловсруулж турших, хэлэлцүүлэх, шалгалтын тестийн сан үүсгэх зэрэг ажлууд хийгдэх юм.
Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолоочийн мэргэжлийн болон мэргэшлийн чадамжийн ялгааг тодорхой болгох ажил мэргэжлийн дүн шинжилгээг усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.