Монгол Улсын Далайн захиргаа нь Чингэлэг тээвэртэй холбоотой баримт бичгийн Нэгдүгээр цуврал болох “Ачааны чингэлгийн ашиглалт, аюулгүй ажиллагаа” - ISO 3874:2017 Олон Улсын стандартыг зохих шаардлагын дагуу худалдан авч орчуулан, ЗТХЯ-нд хүргүүлээд байна.
Энэхүү стандарт нь ачааны чингэлгийн эд анги, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, аюулгүй бэхлэх, тээвэрлэлтэд бэлтгэх үйл ажиллагааны зааварчилгаа бөгөөд хамгийн сүүлчийн буюу шинэчлэгдсэн 6 дугаар хувилбар юм.
Тус стандартад чингэлгийг аюулгүй тээвэрлэх бэхэлгээний төхөөрөмжийг:
- Хамгаалалтын бэхэлгээ
- Татлага бэхэлгээ
- Тулгуур бэхэлгээ
хэмээн дотор нь гурван бүлэгт хамруулан тайлбарласан ба эдгээрийг дотор нь мөн зөөврийн болон бэхлэгдсэн тоног төхөөрөмж хэмээн хоёр ангилсан байна.
Энэхүү баримт бичигт чингэлгийг төмөр замын болон авто тээврийн хэрэгсэлд аюулгүй ачих зааварчилгааг өгөхөөс гадна хөлөг онгоцоор хэрхэн аюулгүй тээвэрлэх талаар тусган харуулжээ.
Монгол Улс, Олон Улсын тээврийн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд чингэлгийн аюулгүй байдлын бэхэлгээг Олон Улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх нь тээвэрлэлтийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, чингэлгээр тээвэрлэх бараа, бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах эдийн засгийн ач холбогдолтой.
Хамгийн гол нь чингэлэг тээвэрт хамаарах Олон Улсын тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлснээр Монгол Улсын ачаа, бараатай холбоотой асуудлаар бусад улс орнуудтай ижил, тэнцүү эрх эдлэх боломж бүрдэх юм.
2020.05.14