ОХУ нүүрс тээвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт хийхээр болжээ

        ОХУ-ын Засгийн газар нүүрсний салбарын хөгжлийг дэмжих 2035 он хүртэлх төлөвлөгөөг энэ оны эхээр баталсан байна. Дэлхийн санхүүгийн зах зээл уналтад орж байгаа (цар тахлаас өмнө гарсан анализ, дүгнэлт) нөхцөлд хатуу түлшний үнэ, эрэлт нэмэгдэх чиг хандлагатай байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Гэсэн хэдий ч нүүрсний салбарынхан РЖД буюу Оросын төмөр замын хүчин чадал энэхүү өсөлтийг хангаж ажиллах, улмаар Азийн орнуудын зах зээлд экспортлох боломжоор хангах нөхцөл одоогоор байхгүй гэсэн дүгнэлтийг хийгээд байна.

        Монополь эрх бүхий РЖД нь энэхүү шаардлагын хүрээнд төмөр замын дамжин өнгөрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх хөгжлийн төлөвлөгөөг үе, шат бүрээр боловсруулан гаргаж, өргөн барьжээ. ОХУ-ын зөвхөн Баруун хойд болон Өмнөд хэсэг, Алс дорнодын дэд бүтцийг сайжруулахад  РЖД компанийн зүгээс 2025 он хүртэл 1.1 их наяд рубль (39,2 их наяд төг.) зарцуулахаар төлөвлөсөн байна.

        Гэхдээ нүүрс, төмрийн хүдэр, бордоо, үр тариа зэрэг нурмаг, хуурай ачааг буулгах, хадгалах, дамжуулан тээвэрлэх зориулалт бүхий далайн боомтын терминалыг барих төлөвлөгөөг хамт хэрэгжүүлбэл энэ нь илүү үр дүнтэй гэжээ.

        ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ОХУ-ын Засгийн газрын хуралдаан дээр тавьсан илтгэлдээ тус улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 440 сая тонн нүүрс олборлосноос тал хувийг буюу 220 сая тонныг экспортод гаргасан гэж мэдэгджээ.

        Нүүрс тээвэрлэх хүчин чадал буюу төмөр замын дамжуулан тээвэрлэх багтаамж нь өнөөдрийн байдлаар нүүрсний салбарын хөгжлийг боймилж байна гэж салбарынхан дүгнэж байгаа бөгөөд далайн боомт дээрх нүүрсний үнэ 3 дугаар сарын дунд үеийн байдлаар:

- Восточный боомт дээр тонн тутамд 65,58 ам доллар,

- Балтийн тэнгисийн боомтууд дээр 47,83 ам доллар,

- Черноморскийн боомтууд дээр 53,17 ам доллар байжээ.

        Өнөөдрийн байдлаар нүүрсийг Алс дорнодын боомтуудаар Ази, Номхон далайн бүс нутаг руу гаргах сонирхол өндөр байгаа ч дэд бүтцийн асуудал хүндрэлтэй хэвээр байгаа тул тус хөтөлбөрийг боловсруулсан байна. Тэдний мэдэгдэж буйгаар нүүрсийг тус нутагт экспортлох зорилтын хэрэгжилт нь ОХУ-ын дамжин өнгөрөх бүс нутгийн дэд бүтэц, төмөр замын тээвэрлэх багтаамж, холбох станцуудын бүтээн байгуулалт болон боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй шууд холбоотой гэжээ.

        Эх сурвалжhttps://view.argusmedia.com/rs/584-BUW-606/images/20200406rdblWP.pdf

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ