Хамтарсан мэдэгдэл гаргажээ

Дэлхийн Худалдааны Байгууллага (WTO), НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн Байгууллага (FAO) болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (WHO)-уудын удирдлага хуралдаж 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хамтарсан мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдлийн гол зорилго нь дэлхий нийтэд тархаад байгаа цар тахал болох COVID-19 өвчнөөс үүдэн гарч буй сөрөг үр нөлөөг багасгах, хоол хүнсний хангамжийг хэвийн хэмжээнд байлгах,  хүнсний бараа бүтээгдэхүүнд тавих хилийн хоригийг бууруулахыг гишүүн орнуудын Засгийн газарт уриалахад оршиж байна.

Тэд мэдэгдэлдээ дараах зүйлийг тусгасан байна.  Үүнд:

Өнөөдөр дэлхий даяар сая, сая хүний хүнсний хангамж, аюулгүй байдал гадаад худалдаанаас шууд хамаарч байна. Иймд  эв нэгдэлтэй байж хоол хүнсний аюулгүй болон хүртээмжтэй байдлыг сайжруулах, хоол хүнснээс үндсэн тэжээлээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах нийтлэг зорилго бидний өмнө тулгараад байна.

Улс орнууд өөрийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ худалдаатай холбоотой асуудал, өөрөөр хэлбэл хүнсний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин холбоог таслахгүй байхад анхаарч ажиллавал зохино гэж анхааруулжээ.

Мөн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай, чингэлгээр тээвэрлэгддэг бараа, бүтээгдэхүүнийг  хил дээр удаан хугацаагаар зогсоосноор хүнсний бүтээгдэхүүн муудаж хэрэгцээгүй болох, хүнсний хог хаягдлын хэмжээ нэмэгдэх явдал гарч байна. Хүнсний бүтээгдэхүүнд тавих хоригоос болж ийм төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, өрсөлдөх чадварт сөрөг үр дагавар гарч байгаагаас үүдэн тухайн хоригт байгаа улс орны эмзэг бүлэг хүнсний хомстолд орох нөхцөл үүдэн гарч  байна.   

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд тавигдах экспортын хориг нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасрахад шууд хүргэх ба ингэснээр зах зээл дээр хүнсний хангамжийн тодорхойгүй байдал бий болгох, улмаар бараа бүтээгдэхүүний хомстлыг үүсгэж байна.

Өнөөдөр энэхүү цар тахалтай тэмцэхийн тулд олон улсын харилцааг хэзээ, хэзээнээс илүү бодитой, өргөн хүрээнд ажиллуулах шаардага тулгарч байна. Хэдийгээр гадуур чөлөөтэй явахад хориг тавьж байгаа хэдий ч хүнсний хангамжтай холбоотой худалдаа аль болох чөлөөтэй явагдаж байх тал дээр түлхүү анхаарах цаг болсон. Энэхүү өвчнөөс шалтгаалан дэлхийн өнцөг буланд байх хүмүүс хоол тэжээлийн дутагдалд орох учиргүй гэжээ.

 

Эх сурвалж: https://maritime-executive.com/article/wto-who-and-fao-call-for-action-on-food-trade

 

2020.04.02

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ