Монгол Улсын Далайн захиргаа болон ОХУ-ын Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургууль хооронд далайн салбарын мэргэжлээр оюутан сургах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг 2018 онд байгуулсан. Энэхүү Санамж бичгийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт далайн салбарын мэргэжлийг оруулаад байгаа билээ.
Далайн тээврийн салбар гэдэг олон улсын шинж чанартай ба дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр далайчдын эрэлт байсаар байгаа юм. Олон улсын далайн тээврийн танхимаас 2015 онд гаргасан судалгаагаар дэлхийн далайчдын эрэлт нь нийлүүлэлтээсээ 2.1 хувиар илүү байсан ба жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Далайчдын сард авдаг цалин хөлсний дундаж хэмжээ албан тушаалын зэрэглэлээсээ хамаарч 800-10000 ам.доллар байдаг. Жишээлбэл: Туслах далайчид 800-2000 ам.доллар, 3 дугаар зэргийн инженер болон жолоодлогын офицер 2400-3600 ам.долларын дундаж цалинтай байна.
Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургууль нь ОХУ-ын Алс Дорнодод орших далайн салбарын хамгийн том их сургууль бөгөөд төгсөгчид нь дэлхийн жишигт нийцсэн, салбартаа тэргүүлэгч боловсон хүчин болж бэлтгэгддэг. Тус сургууль нь ерөнхий, дунд, дээд боловсролын болон тусгай мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд диплом болон сертификат нь олон улсын конвенцод нийцсэн, бүх улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Мөн тус сургуульд 65 шинжлэх ухааны доктор, профессор, 290 дэд профессор багшилж байна.
Далайн салбарын мэргэжлээр Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад бүртгүүлж оролцохыг урьж байна. “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар 2020-2021 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Оросын их, дээд сургуулиудад суралцуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Тус сонгон шалгаруулалтад оролцох бүртгэл edu.rs.gov.ru цахим мэдээллийн системээр дамжуулан 2020 оны 03 дугаар сарын 14-ний 13:00 цаг хүртэл явагдана.
Ковид-19 халдварын тархалттай холбоотойгоор тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтыг Портфолио шалгаруулалт, Онлайн ярилцлага зэрэг хэлбэрээр явуулах болсон байна.
Мөн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) дээр 2020 оны 03 дугаар сард зохион байгуулагдах байсан “Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2020” арга хэмжээ 10 дугаар сар хүртэл хойшлогджээ.
ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://mng.rs.gov.ru/mn/news/64707-аас авна уу.