Зураг дээр: Shanghai Yangshan terminal
Шанхайн Олон Улсын боомт группийн мэдээлснээр тус боомт 2019 онд 42 сая TEU (1 TEU нь 20 фут чингэлэгтэй тэнцэх нэгж) ачааг боомтоор дамжуулан тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулахад 4 хувиар өссөн тул дэлхийн хамгийн ачаалал ихтэй боомтоор 9 дэх удаагаа дараалан шалгарч байгаа ажээ.
Шанхайн далайн боомтын ачааны урсгал өмнө нь дэлхийд тэргүүлэгч байсан Хонгконгийн боомтоос тогтмол давуу үзүүлэлттэй гарсаар байна. Тус Улсын Kwai Tsing боомт 2006 онд 23 сая TEU ачаа нэвтрүүлж байсан бол тогтмол бууралттай явсаар 2018 онд 18 сая TEU ачааг өөрийн боомтоор дамжуулан өнгөрүүлсэн байна.
Ингэснээр Хонгконг ачааллаараа дэлхийд наймдугаарт жагсаж Циндао боомтын дараа бичигдэхээр болжээ.
Хонгконгийн далайн боомтын ачаа эргэлтэнд нөлөөлөх хэд, хэдэн хүчин зүйл бий.
БНХАУ-ын аж үйлдвэрийн төв болох Shenzhen, Guangzhou хотуудын гүнзгий зогсоол бүхий боомтууд Хонгконгийн боомтын гол өрсөлдөгч болоод байгаагаас гадна ачаа эргэлтээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Сингапур Улсын далайн боомт ч хамгийн том өрсөлдөгч хэвээр байна.
Сингапурын боомтоор 2018 онд 37 сая TEU ачаа дамжуулан тээвэрлэгджээ.
Сүүлийн жилүүдэд хөлөг онгоцны овор хэмжээ, даац улам бүр нэмэгдэж байгаа хэдий ч Хонгконгийн далайн боомтын зогсоолын гүний хэмжээнээс шалтгаалан хүсэлт ирүүлсэн хөлөг онгоц бүрийг хүлээн авах техникийн боломж хязгаарлагдмал байгаа нь тус улсын боомтын үзүүлэлт буурахад нөлөөлдөг байна.
Харин Хонгконгийн АНУ-тай худалдааны сайн харилцаатай статус нь үйлдвэрлэгч, бизнесийн байгууллагууд Хонгконгийн боомтыг сонгоход эерэг нөлөө үзүүлдэг гэж “The Мaritime Executive” сэтгүүлийн 2020 оны 1 дүгээр сарын дугаарт бичжээ.
2020.01.22