Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагчтай уулзалт хийв.

Далайн захиргааны Захиргаа Удирдлагын Хэлтсийн дарга Д.Амартүвшин, мэргэжилтэн Д.Байгалмаа, С.Наранцэцэг нар “Нэгдсэн Үндэстний Байгууллага” (НҮБ)-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишратай 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр НҮБ-ын байранд уулзалт хийлээ.

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар НҮБ-ын гишүүн 193 улс орон 2030 он хүртэлх 17 зорилго, 169 зорилт бүхий “Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн билээ.

“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2015 онд, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны 02 дугаар сард УИХ-ын тогтоолоор тус тус баталсан.

Монгол Улсын Далайн захиргаа нь Монгол Улсын хууль, тогтоомж, далайн салбарын олон улсын гэрээ, конвенцын хэм хэмжээнд нийцүүлэн далайн болон усан замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд далайн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй байх асуудал дээр анхаарал хандуулж ажиллаж ирсэн билээ.

“Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ын 14 дүгээр зорилго буюу “Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах”  зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг бүрдүүлдэг байгалийн үзэсгэлэн цогцолсон Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан “Цэвэр, Ногоон Хөвсгөл” арга хэмжээг хамтран зохион байгуулах асуудлаар НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишратай санал солилцлоо.

Уг арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан хамтран зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа суурин зохицуулагч ноён Тапан Мишрад танилцуулсан ба тус байгууллагаас бидний зохион байгуулахаар төлөвлөж буй энэхүү арга хэмжээг ач холбогдолтой гэж үзэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Баруун гар талаас: НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын мэдээлэл, хяналт, тайлагналт хариуцсан мэргэжилтэн Ж.Должинсүрэн, Далайн захиргааны мэргэжилтэн Д.Байгалмаа, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амартүвшин, Далайн захиргааны мэргэжилтэн С.Наранцэцэг

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ