Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Хуулийн төслийн талаар УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээвийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцууллаа. Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Засгийн газрын 2018 оны 201 дүгээр тогтоолоор баталсан “Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгааг танилцуулгадаа дурдав. 

Хуулийн төсөлд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналт, хянан шалгагчийн зохицуулалт шинээр тусгажээ. Мөн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотой зохицуулалт, хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлсэн байна. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хуулийг практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан хэмээн салбарын сайд танилцуулгадаа онцоллоо. 

Хуулийн төсөл батлагдсанаар далай ашиглах үйл ажиллагааны нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын уялдаа, холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжрахаас гадна хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нарын асуултад Ажлын хэсэг хариулт өглөө. Ажлын хэсгийн зүгээс, 1999 онд батлагдсан Далай ашиглах тухай хуульд хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Улаанбаатар хот байна гэж заасан. 2003 оноос хойш бүртгэлийн хамтарсан компанийг Сингапур улсад ажиллуулж байгаа. Өмнө нь тус компани бүртгэлийн ажлыг хариуцдаг байсан бол өнөөдөр Далайн захиргааны газар бүртгэлийн ажлыг хариуцах болсныг хариултдаа онцлов. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуульд хяналтын байгууллагын асуудлыг зохицуулаагүй байсан бол шинэчилсэн найруулгын төслөөр далбааны эзэн улсын хяналт, шалгалт гэсэн бүлгийг нэмж оруулсан байгаа юм.

Хуулийн төслийн талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.