Энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимийн дэргэдэх Худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн зөвлөлөөс “Худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн салбарын хөгжилд төр, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт: Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар төмөр замын Ачиж буулгах, техник экспедицийн механикжсан анги (АБТЭМА), Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Үндэсний тээврийн корпорац, Гаалийн зуучлагч байгууллагууд, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын Далайн захиргаанаас “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болон хэлэлцээрээр олгогдож буй давуу талууд” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэгт оролцлоо. Энэхүү илтгэлдээ Монгол Улсын импортын ачаа барааг гуравдагч орноос далайгаар тээвэрлэн хөрш орнуудын далайн боомтод авчрах, улмаар БНХАУ болон ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх үед тулгардаг хүндрэл бэрхшээлийг арилгахад Дэлхийн худалдааны байгууллагаас батлан гаргасан Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр ямар ач холбогдолтой болохыг заалт тус бүрээр гарган харуулахыг зорьсон болно.
Энэхүү худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэж болохуйц асуудлыг төрийн эрх бүхий байгууллагуудаар дамжуулан хөрш орнуудын Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо болон Дэлхийн худалдааны байгууллагад хүргүүлэх, дээрх орнуудыг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг зохих ёсоор тавьж мөрдүүлэх боломжийн талаарх мэдээллийг нийт оролцогчдод олголоо.
МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА
2019.11.29