УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенц"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж, дэмжлээ

        Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2006 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Женев хотноо зохион байгуулсан 94 дүгээр хуралдаанаар “Далайн хөдөлмөрийн тухай конвенцыг баталсан. Тус конвенцод Монгол Улс нэгдэн орсныг Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр соёрхон баталсан. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2014 оны бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт орж, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 84 гишүүн улс энэхүү нэмэлт өөрчлөлтөд нэгдэн ороод байна.

        Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод далайчдын эрхийн хамгааллыг хангах үүднээс хөлөг онгоцны эзэмшигчийг санхүүгийн баталгаатай байх шаардлагыг ерөнхийлөн тусгасан байсныг  2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчлан тодорхой зохицуулалт болгон нэмж оруулсан юм

        Мөн энэхүү нэмэлт өөрчлөлтөд хөлөг онгоцны эзэмшигчийн санхүүгийн баталгаанаас гадна хөлөг онгоцны эзэмшигчийн хүлээх хариуцлагатай холбоотой шаардлагыг нэмж тусгажээ. Энэхүү конвенцын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан хуулийн этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох талаар болон бусад санхүүгийн баталгааг шаардах боломжтой болно. Ингэснээр хөлөг онгоцон дээр ажиллаж буй далайчны хөдөлмөр эрхлэх эрхийг хангах, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

Хуулийн төслийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ