“Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт семинар зохион байгуулагдлаа

        Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдийг Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил амжилттай хэрэгжсэнээр Монгол орны томоохон нуур, гол мөрөн бүхий байгалийн үзэсгэлэнт газруудыг зорин аялах дотоодын болон гадаадын жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаа билээ.  

        Энэхүү аялал жуулчлалын урсгалыг түшиглэн хувийн завь болон усан замын тээврийн хэрэгсэл бүхий иргэд орон нутаг дахь нуур, гол мөрнүүдэд ямар нэгэн хяналт, зохицуулалтгүй, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга барил, дадалд суралцаж төлөвшөөгүй, мэдээлэл сурталчилгаа энэ талын мэдлэг туршлага дутмаг байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа нь байгаль орчныг бохирдуулах, улмаар усанд осолдож амь насаа алдах, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна.

        Иймээс дээрх эрсдэлүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор усан замын тээврийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахын зэрэгцээ олон нийтэд сурталчлах ажлыг төлөвлөн хэрэгжүүлдэг. Энэхүү ажлын хүрээнд усан замын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон завь жолоодогчдод холбогдох хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, аюулгүй үйл ажиллагааны заавар зөвлөмжөөр хангах зорилгоор “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт семинарыг Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа 2007 оноос эхлэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.   

        Дээрх семинарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа орон нутгийн байгууллагуудтай хамтран 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд нийт 100 гаруй оролцогчтойгоор зохион байгуулсан юм. 

        Семинарт ЗТХЯ, БОАЖЯ-ны мэргэжилтнүүд болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, “Монгол Ус” ТӨҮГ-ын удирдлагууд хариуцсан асуудлаар илтгэл тавин оролцсон болно. Үүнд “Усан замын тээврийн тухай” хууль, шинээр батлагдсан дүрэм, журмын танилцуулга, усан замын тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, усан замын тээвэр дэх төрийн хяналт, шалгалт, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан, бүртгүүлэхэд анхаарах зүйл, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт усан замын тээврийн үйлчилгээ эрхлэхэд анхаарах зүйл, тусгай хамгаалалттай газрын хууль, тогтоомж, түүний дэглэм, Усны тухай хууль, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Хөвсгөл нуурын экологи системийн онцлог, түүнийг хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааны стандарт, дүрэм, журам, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулж, зарим тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг мөн зохион байгуулсан.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ