Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан танилцуулах зорилгоор нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг энэ оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн “Сүхбаатар”-ын талбайд зохион байгуулж байгаа билээ.
Дээрх арга хэмжээний хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулж, харьяа агентлагууд үйл ажиллагаагаа сурталчлан, иргэдэд мэдээ мэдээлэл өгч ажиллалаа. Өдөрлөгийг нээж Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар үг хэлсэн бөгөөд яамны газар хэлтсийн болон харьяа агентлагуудын дарга нар байгууллагынхаа үйл ажиллагааны талаар тус тус танилцуулав.
Өдөрлөгийн арга хэмжээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, “Монголын төмөр зам”, Иргэний нисэхийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсий төв, Монголын иргэний агаарын тээвэр ХК, Зам, тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа зэрэг Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 14 байгууллагаас гадна Изинис эйрвэйс, Аэро Монголиа, Хүннү эйр зэрэг компаниуд оролцсон юм.
Нээлттэй өдөрлөгийн үеэр Далайн захиргаанаас хөлөг онгоцны бүртгэл, хяналтын болон далайн тээвэр, боомт ашиглалт, усан замын тээврийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааны чиглэлээр сурталчилгааны самбар үзүүлэн гаргаж, гарын авлага, зөвлөмж, танилцуулга бэлтгэн иргэдэд мэдээлэл өгснөөс гадна тэдний санал, сонирхсон асуултад тухай бүр хариултыг өгч ажиллав.
Мөн байгууллагын үйл ажиллагааны талаар видео танилцуулга /шторк/ бэлтгэж, гарын авлага, зөвлөмж, танилцуулга 1000 гаруй ширхэгийг хэвлүүлэн иргэдэд хүргэсэн байна.