Дэлхийн далайн өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Анх 2002 оноос хойш энэхүү арга хэмжээг хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор дэлхийн нийтээр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийг “Хуванцар хог хаягдлаас сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд далайн гүн дэх амьдралын талаар эрдэмтэд эрчимтэй судалж эхэлснээр хүмүүсийн хаясан хог хаягдал газар сайгүй тархан, байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулж байгааг олж мэдсэн юм. Дэлхийн далайн усанд 150 сая тонн хог хаягдал эргэлдэж байгааг судлаачид тогтоожээ. Далайн гүнд амьдарч буй амьтдын ходоод гэдэснээс хуванцар гарах болсон бөгөөд үүнээс шалтгаалан зарим төрлийн загас, далайн амьтад мөхөхөд хүрээд байна. Номхон далайн гүнд орших 6 хонхорт байх 90 гаруй зүйл ургамал амьтдаас авсан дээжийг судлан үзэхэд тэдгээрийн 72 хувь нь бохирдолтой гарчээ.
Эрдэмтэд АНУ-ын Калифорни хотын Монтерей далайн эрэг орчим судалгаа хийхэд гаднаасаа далайн ус цэвэрхэн тунгалаг боловч бохирдлын түвшин маш өндөр хэмжээтэй байгааг тогтоожээ. Судлаачдын үзэж байгаагаар эргийн гүний бичил хог хаягдлын хэмжээ дэлхий дээрх хамгийн их бохирдолтой хэсэг болох номхон далайн хогийн цэг буюу “Great pacific garbage patch”-тай ижил хэмжээнд хүрсэн болохыг мэдээлэв.
Нэр бүхий хогийн цэг нь Номхон далайн хогийн толбо гэж нэрлэгддэг ба энэ бүсэд Хойд Америк, Японы эргээс хог урсаж ирдэг боловч гадагшаа гардаггүй юм байна. Гэсэн хэдий ч энэхүү газар нь асар том хуванцар болон хогийн арал мэт харагддаггүй. АНУ-ын Хавай болон Калифорнийн хооронд байрладаг энэхүү хогийн цэг нь Франц улсын газар нутгаас даруй 3 дахин их хэмжээтэй буюу 618,000 хавтгай дөрвөлжин км (1,6 сая кв км) талбайг эзэлж байна.
Great pacific garbage patch
Жил бүр 8 сая тн хуванцар хог хаягдал далайд хаягддаг байна. Далайн байгаль хамгаалах тайланд тусгагдсанаар энэ нь бүхэл бүтэн нэг томоохон хотын хуванцрын хогийг ачааны машинаар өдөр бүр, минут бүр далайд хаяхтай тэнцүү хэмжээтэй адилтгажээ.
Ийнхүү хог хаягдлын асуудал хөгжингүй орнуудад тулгарч буй асуудал бус дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна. Хэдийгээр хуванцраар хийсэн сав, баглаа боодол нь үнийн хувьд хямд, хэрэглэхэд тохиромжтой хэдий ч байгаль орчин, хүн болон амьтны эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй нь нэгэнт нотлогдсон тул хүн бүр нэг удаагийн сав, уутны хэрэглээгээ багасгаж, байгаль хамгаалахад хувь нэмрээ оруулах шаардлагатай байна.