БНХАУ-ын “Бүс ба зам санаачлага” нь дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрлэгдсэн бэлэн бараа бүтээгдэхүүн болон түүнд орох түүхий эдийн нөөцийг үр ашигтай, оновчтой тээврийн сүлжээ ашиглан түгээх, байршуулах, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, зардлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй асар том, цогц бүтээн байгуулалт юм.
Манай урд хөрш хэдийгээр далайд гарцтай орон боловч бусад хөгжингүй болон буурай хөгжилтэй орны боомтуудад хөрөнгө оруулалт хийх замаар тухайн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж хамтарсан компани байгуулан ажиллаж байна. Жишээлбэл Грек, Голланд, Египет зэрэг улсуудын нутаг дэвсгэр дээр байрлах далайн гол сүлжээнүүдэд бүтээн байгуулалт хийхээс гадна Нигери, Шриланк, Того, Жибути зэрэг Ази, Африкийн 22 улсын 40 гаруй боомтод үйл ажиллагаа явуулах эрх эзэмшиж, АНУ-ын Хьюстон, Маяами зэрэг боомтын терминал болон Франц Улсын далайн тээврийн шугамыг ч худалдаж аваад байна.
Ингэснээр эдгээр улсуудаас өөрийн улсад нийлүүлэх түүхий эд, хагас боловсруулсан бараа бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан хямд зардлаар, шуурхай, тогтмол нийлүүлэх, оронд нь БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тасралтгүй нийлүүлэх төвлөрсөн логистикийн сүлжээг дэлхий даяар тараан байршуулах замаар эдийн засаг, цаг хугацаа, нөөц боломжийг оновчтой ашиглаж байна.