“Логистикийн 7 хоног” арга хэмжээнд оролцлоо

        Зам тээврийн Хөгжлийн Яам, АТҮТөв, “GS-1 Монгол” нийгэмлэг, Монгол Мэргэшсэн Зөвлөх Инженерүүдийн Холбоо хамтран “Дэлхийн логистикийн өдөр”-ийг тохиолдуулан “Логистикийн 7 хоног” арга хэмжээг 7 дахь жилдээ АТҮТ-ийн хурлын зааланд зохион 2019.05.21 - 2019.05.22-ний өдрүүдэд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Хуурай боомтын логистикийн шийдэл, загварчлал” сэдэвт сургалт, "Хуурай боомтын хөгжил ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг форумд Далайн захиргааны Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан албаны мэргэжилтнүүд оролцлоо.

        “Хуурай боомтын логистикийн шийдэл, загварчлал” сэдэвт сургалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, Монгол төмөр зам ТӨХК, Алтан булаг чөлөөт бүс, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болон тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, оюутнууд зэрэг 40 гаруй хүн оролцлоо.

        Тус сургалтад оролцогчид Хуурай боомтыг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны  талаар тодорхой мэдээлэл авсан болно.  Үүнд:

  • Хуурай боомт, түүний эрх зүйн орчин, онцлог, хэрэгжүүлэх арга зам;
  • Хуурай боомтын тээвэр зохион байгуулалт;
  • Хуурай боомт дахь гаалийн үйл ажиллагаа ба хяналт;
  • Хуурай боомтыг Монголд хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, арга зам;

 

        "Хуурай боомтын хөгжил ба шийдэл” хэлэлцүүлэг форумыг нээж Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Л. Халтар хэлсэн үгэндээ: Хэлэлцүүлэг форум зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой болсоныг тэмдэглээд, хэлэлцүүлэг форумаас гарах зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.”

        Тус хэлэлцүүлэг форумд Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Үндэсний хөгжлийн газар,  Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Далайд гарцгүй хөгжиж орнуудын олон улсын судалгааны төв, Нийслэлийн зураг төслийн газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Монголын төмөр зам ТӨХК, Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүд бүс нутгийн логистик төв, Алтан булаг чөлөөт бүс, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдын төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг 140 гаруй хүн оролцов.

        Хэлэлцүүлэг форумын зорилго нь Монгол улсын зам, тээвэр, логистикийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тухайн салбарын үзүүлэх нөлөөлөл, дотоод, гадаадын байгууллагуудын туршлагыг  судлах, олон нийтэд сурталчлах чиглэлээр зөвлөмж гаргах явдал байв.

        Далайн захиргааны мэргэжилтэн Д.Байгалмаа “Хуурай боомтын далайн тээвэр болон эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.


Хэлэлцүүлэг форумд оролцогчид  дараах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд:

  • Хуурай боомт байгуулахад  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах;
  • Гадаад худалдаа, тээвэр зууч, логистикийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн оролцоог дэмжих;
  • Хуурай боомтыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Замын-Үүд дэх логистикийн төвийг хуурай боомт болгон зарлахад тулгамдсан асуудал;
  • Хуурай боомтыг байгуулсан улс орны туршлагыг судлах Жишээ нь: Казахстан, Чех гэм мэт;


        Хэлэлцүүлгээс: Хуурай боомтыг Монголд хэрхэн байгуулах, хөгжүүлэх талаар судлах ажлын хэсгийг шинээр байгуулах, бусад орнуудын туршлагыг судлах, ажлын хэсэгт төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, эдийн засгийн чөлөөт бүсүүд, Далайд гарцгүй хөгжиж буй олон улсын судалгааны төв зэрэг байгууллагуудын төлөөлөл хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэсэн шийдвэрт хүрсэн болно.




Хавсралт файл
Д.Байгалмаа-ДЗ.pdf402.04KB

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ