Ази, Номхон далайн аюулгүй байдлын агентлагуудын дарга нарын 20 дахь удаагийн зөвлөгөөнд оролцлоо

        Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүс нутгийн Далайн тээврийн аюулгүй байдлын агентлагуудын дарга нарын 20 дахь удаагийн зөвлөгөөнд Далайн захиргааны дарга болон Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо.

        Монгол Улсын Далайн захиргаа 2018 оны 4 дүгээр сард уг байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд энэ удаагийн хуралд анх удаагаа албан ёсны гишүүн байгууллагын  хувьд оролцож, холбогдох хэлэлцүүлгүүдэд саналаа илэрхийлсэн юм.

        Тус зөвлөгөөнд Олон Улсын Далайн Байгууллага (ОУДБ), Номхон Далайн Нийгэмлэг, Токиогийн Санамж бичиг (Tokyo MOU), Далайн навигацийн тэмдэг болон гэрэлт цамхагийн олон улсын холбоо (IALA)-ны төлөөлөгчид болон Ази-Номхон далайн бүс нутгийн 23 байгууллагын төлөөлөгчид оролцож бүс нутгийн хамтын ажиллагаа, далайн орчны хамгаалалт, далай дээрх аюулгүй байдал ба далайчдын нийгмийн халамж, далайн ослын үед авах хариу арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлгүүдийн үеэр 39 асуудлыг авч хэлэлцэв. Далайн захиргааны төлөөлөл уг зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчид болон зохион байгуулагч талын удирдлагуудтай уулзаж Монгол Улсын далайн салбар дахь оролцоо, далбааны эзэн улсын хяналт шалгалтыг сайжруулах, усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм.

        Манай төлөөлөгчид энэхүү зөвлөгөөний үеэр зохион байгуулагдсан БНСУ-ын “Далайн салбарын долоо хоног” арга хэмжээнд оролцож, дэлхийн нийтийн далайн салбарын бодлогын асуудал, байгаль орчинд ээлтэй далайн тээврийг хөгжүүлэх стратеги, далайн тээвэр, логистикийн салбарт шинээр нэвтэрч буй сүүлийн үеийн ухаалаг техник, технологийн талаар мэдээлэл авлаа.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ