Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын тээвэр логистикийн салбарт учраад буй хүндрэл

        Аливаа улсын эдийн засагт тээвэр логистикийн салбар гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүнтэй зүйрлэвэл бүх эд эрхтэнийг хооронд нь холбож буй амин гол судсаар төлөөлүүлж болох юм. Иймээс аливаа бараа бүтээгдэхүүнийг хууль эрх зүйн хүрээнд зохицуулсан,  оновчтой, зөв зохион байгуулалт бүхий логистикийн сүлжээгээр тээвэрлэснээр эцсийн  хэрэглэгчдэдээ харьцангуй хямд үнээр хүрдэг.

        Далайд гарцтай хөгжингүй орнуудын хувьд импортоор орж ирж буй нэгж барааны өртөгт  тээвэр, логистикийн зардал 20 хүртэлх хувийг эзэлдэг бол далайд гарцгүй Монгол Улсын хувьд дунджаар 30 хувь байна гэж үздэг ба манай улсын импортлогчид аливаа бараа бүтээгдэхүүний өөрийн өртөг дээр 30 хувийг шууд нэмж тооцох нийтлэг жишиг тогтоод байна.

        Бараа бүтээгдэхүүнд ногдох зардлыг бууруулахад чиглэгдсэн төрөл бүрийн санал санаачлага гарч, улс орнууд хамтран ажиллах замаар тодорхой үр дүнд хүрч байгаа жишээ олон байна. Үүний сонгодог жишээ нь Европын Холбооны улсууд худалдаа, эдийн засаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нэг стандарт хамтдаа боловсруулан  гаргаж, нэгэн зэрэг мөрдөх, хэрэгжилтэнд хамтран хяналт тавих замаар хөгжиж байна.

        Эдгээр улс орнууд хоорондоо хийж буй тээвэр, худалдааг нэгдсэн стандартад хамруулснаар бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд шаардагддаг тээврийн болон барааны баримт бичиг (хорио цээр, гааль, тусгай зөвшөөрөл гэх мэт)-ийн бүрдүүлэлт, шалгалтад зарцуулах цаг хугацаа, бусад материаллаг эд хөрөнгийг хэмнэж эдийн засгийн үр өгөөжөө дээшлүүлэн, бараа бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчид очих өөрийн өртгийг тодорхой хэмжээнд хянах боломжтой болжээ.

        Бидний хэлж заншсанаар Англи улс Европын холбооны гишүүнчлэлээс татгалзсанаар тээвэр логистиктой холбоотой олон сөрөг үр дагавар гарах шинжтэй байна. Тухайн улсын худалдаа тээвэртэй холбоотой эрх бүхий албаны хүмүүс Англи улсад чингэлэг тээвэрт хэрэглэгддэг стандарт бүхий зориулалтын модон тавиур буюу pallet байхгүй (https://qz.com/emails/quartz-obsession/1564460/) тухай, дотооддоо хэрэглэж заншсан модон тавиурууд нь Европын стандартад нийцдэггүй тухай асуудлыг энэ өдрүүдэд хөндөн тавьж цаашид хэрхэх тухай хэлэлцэж байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ