Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 11-ний
өдрийн 277 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
УСАН ЗАМЫН ОБЪЕКТ БОЛОН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН
ТЕХНИК АШИГЛАЛТЫН ДҮРЭМ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж буй нуур, гол мөрний усан замын тээвэрт ашиглагдаж байгаа усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Дүрэм нь усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй усан орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, зорчигчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, тээвэрлэж буй ачаа, эд хөрөнгийн болон объектын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийг техникийн эвдрэл гэмтэлгүй, ашиглалтын байнгын бэлэн байдалд байлгах, түүнийг үр дүнтэй, осол авааргүй, олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн зориулалт, өгөгдсөн техник-эдийн засгийн үзүүлэлтийн дагуу ашиглахад зориулагдсан техник - зохион байгуулалтын цогц арга хэмжээг тодорхойлно.
1.3. Гол мөрөн, нуур цөөрмийн усан замын тээвэр болон түүнтэй холбоотой шинээр гарах аливаа нэгэн техник ашиглалтын дүрэм, зааврууд энэхүү дүрмийн заалтын агуулга, зарчимд нийцсэн байвал зохино.
1.4. Энэхүү дүрэм нь Усан замын тээврийн тухай[1] хуулийн 8.1-д заасан Монгол Улсын Төрийн далбаа мандуулан хөвж буй усан замын тээврийн хэрэгсэлд үйлчилнэ.
1.5. Энэхүү дүрмийг усан замын объект, усан замын тээврийн хэрэгслийг эзэмшигч, /өмчлөгч/, ашиглагч усан замын тээврийн үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн нийт ажилтан дагаж мөрдөнө.
2. Усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтыг зохион байгуулах
Техник ашиглалт нь усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн ашиглагдах бүх хугацааны туршид, түүнийг эвдрэл, гэмтэл, зогсолтгүй хэвийн ажиллуулахын тулд авч хэрэгжүүлж буй техникийн болон зохион байгуулалтын иж бүрэн цогц арга хэмжээ бөгөөд эзэмшигч /өмчлөгч/ нь түүнийг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
2.1. Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч /өмчлөгч/-ийн үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээ
2.1.1. Эзэмшигч /өмчлөгч/ нь усан замын объект, усан замын тээврийн хэрэгсэл нэг бүрийн техник ашиглалтыг хариуцаж хангаж байх үүрэгтэй этгээдийг томилно.
2.1.2. Усан замын объект, усан замын тээврийн хэрэгслийн ажиллах горим, багийн бүрэлдэхүүний хуваарь, ээлжийн ажиллагааны дэг, түүнчлэн техникийн үйлчилгээ хийх хуваарийг батална.
2.1.3. Усан замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлт, усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн баримт бичгийн үйлчлэх хугацааг хянана.
2.1.4. Усан замын объект, усан замын тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношлогоонд хамруулна.
2.1.5. Усан замын тээврийн хэрэгслийг зайлшгүй шаардлагатай хангамжаар хангах ажлыг зохион байгуулна.
2.1.6. Эзэмшигч /өмчлөгч/ болон усан замын тээврийн хэрэгсэл жолоодогч нарын хооронд холбоо барих асуудлыг зохион байгуулна.
2.1.7. Усан замын объект, усан замын тээврийн хэрэгслийг норм, нормативын болон зохион бүтээсэн техникийн баримт бичгүүдээр хангаж, олон улсын болон үндэсний хууль, дүрэм, журмыг усан замын тээврийн хэрэгсэл жолоодогчдод танилцуулна.
2.1.8. Усан замын объект, усан замын тээврийн хэрэгслийг засварлах ажлыг зохион байгуулж, үнэ өртөг, гүйцэтгэлийн чанар, хугацааг хянана.
2.1.9. Усан замын тээврийн хэрэгслийн осолд дүн шинжилгээ хийж, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж мөрдүүлнэ.
2.1.10. Усан замын объект, усан замын тээврийн хэрэгсэл дээр техникийн сургалт зохион байгуулна.
2.1.11. Усан замын объект, усан замын тээврийн хэрэгсэл дээр эд хөрөнгийн тооллого, бүртгэл хийх заавар, хугацааг тогтооно.
2.2. Багийн гишүүдийн үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээ
2.2.1. Техник ашиглалтын ерөнхий удирдлагыг усан замын тээврийн хэрэгслийн ахмад, жолоодогч (цаашид “ахмад” гэх) удирдана. Ахмад нь усан замын тээврийн хэрэгслийг удирдах, жолоодох, хөвөлтийн аюулгүй байдлыг хангах, хөлгийн тавцан дээр дэг журмыг сахиулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, усан замын тээврийн хэрэгсэл болон тавцан дээр зорчиж буй хүмүүс, тээвэрлэж буй ачаанд хор хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
2.2.2. Ахмад нь багийн гишүүн бүрт эрхлэх ажил, үүргийг нь хариуцуулж, ээлжийн ажиллагааны хуваарийг гаргаж, батална.
2.2.3. Усан замын тээврийн хэрэгсэл дээр явуулах техникийн сургалтын төлөвлөгөө, сургалт явуулах журмыг усан замын тээврийн хэрэгслийн ахмад батална.
2.2.4. Багийн гишүүд нь дараах үүрэгтэй. Үүнд:
2.2.4.1. усан замын тээврийн хэрэгслийг техникийн бүрэн бүтэн байдалд, цэвэрхэн байлгаж, эзэмшигч /өмчлөгч/-ээс баталсан төлөвлөгөө болон техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглах зааврын дагуу техникийн үйлчилгээ хийх;
2.2.4.2. бүх техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг зориулалтаар нь, тогтоосон техникийн үзүүлэлтүүдийн дагуу үр дүнтэй, осол авааргүй хэрэглэж, зайлшгүй шаардлагатай бүх төрлийн нөөц, хангалтын эд зүйлс байгаа эсэхийг хянах;
2.2.4.3. усан замын тээврийн хэрэгслийн ажлын дэг болон ус, шатахуун, тослох материалыг зарцуулах тогтоосон хэмжээ, түүнчлэн тэдгээрийн ангилал, зэрэг, чанарыг сахин биелүүлж, түлш, тослох материалын зарцуулалтын тооцоог эзэмшигч /өмчлөгч/-ийн тогтоосон заавраар хөтлөх;
2.2.4.4. техникийн, зохион бүтээгчийн, технологийн болон бусад хэм хэмжээ тогтоосон баримт бичгүүдээр тавигдсан шаардлагыг биелүүлнэ;
2.2.4.5. техникийн сургалтад оролцох;
2.2.4.6. эрхэлж буй ажил үүргийн хуваарийн дагуу усан замын тээврийн хэрэгсэл дээрх баримт бичгийг хөтлөх.
2.2.5. Усан замын объект, усан замын тээврийн хэрэгслийн техник хэрэгсэл, тавцангийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, системийн техник ашиглалтын ажлыг механикийн удирдлага дор гүйцэтгэнэ.
2.2.6. Усан замын тээврийн хэрэгслийн удирдах бүрэлдэхүүний гишүүн томилогдох үедээ дараах ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:
2.2.6.1. өөрийн хариуцах машин механизм, системд үзлэг хийж, тэдгээрийг ажиллуулж үзнэ, (хэрэв хүлээн авч байгаа үед бол тэдгээрийг үйл ажиллагаанд шалгаж болно);
2.2.6.2. өөрийн хариуцах машин механизм, системийн иж бүрдлийг хянаж, тавцан дээрх баримт бичгүүдийн үйлчлэх хугацааг шалган, хариуцаж буй эд зүйлсийн данс бүртгэл хөтөлнө;
2.2.6.3. бүх төрлийн нөөц, хангалт байгаа эсэхийг хянана;
2.2.6.4. хариуцах машин механизм, системээ хүлээн авахдаа, техникийн байдал, ажил гүйцэтгэхэд бэлэн эсэх, эсвэл засвар үйлчилгээ хийх шаардлагатайг заасан акт үйлдэж механикт эсвэл ахмадын ахлах туслахад илтгэх ба тэд ахмадад илтгэнэ.
2.2.7. Ахмад, эсхүл механик солигдсон үед удирдах бүрэлдэхүүний гишүүд ба багийн гишүүд өөрсдийн хариуцаж буй машин механизм, тоног төхөөрөмж, хэрэгслийн техникийн байдлын талаар шинээр томилогдсон ахмад, механикт илтгэнэ.
2.2.8. Усан замын тээврийн хэрэгсэл дээр хангалтын эд зүйлс, тоног төхөөрөмж, солих нөөц сэлбэг, механизм, материалыг хүлээн авахдаа үйлдвэрлэгчийн болон бусад шаардлагатай гэрчилгээг шалгана.
3. Усан замын объект, усан замын тээврийн хэрэгсэл /цаашид “усан замын объект, тээврийн хэрэгсэл” гэх/ -ийн техник хэрэглээ
3.1. Усан замын объект, тээврийн хэрэгслийн техник хэрэглээ нь объектын ажилтан, багийн гишүүд усан замын объект, тээврийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг үйлдвэрлэгчийн болон бусад хэм хэмжээ тогтоосон баримт бичгүүдэд заасан техник ашиглалтын өгөгдсөн үзүүлэлтүүдийн дагуу зориулалтаар нь ажиллуулж ашиглаж, үйл ажиллагааг нь ээлжийн ажиллагааны хугацаанд бүрэн хангахын тулд авч хэрэгжүүлж буй объектын ажилтан, багийн гишүүдийн мэдлэг, чадвараар тодорхойлогддог техник ашиглалтын цогц ажил, арга хэмжээ болно.
3.2. Техник хэрэглээг объектын ажилтан, багийн гишүүд үйлдвэрлэгчийн зааварт нийцүүлэн гүйцэтгэж, үйлдлийн бэлэн байдлыг шалгах, үйлдэл хийлгэх, түүнээс гаргах, усан замын тээврийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн ажиллагааны горимыг өөрчлөх, хэвийн болгох, өгөгдсөн болон бодит үзүүлэлтүүдийг харьцуулах, хазайлт хэлбэлзэлийг тэмдэглэх, үнэлэх, тэдгээрийг бүртгэх, хянах зэргээр техникийн хэвийн байдлыг хангана.
3.3. Ашиглалтын явцад илрүүлсэн болон эд анги ажиллагаагүй болсонтой холбоотой усан замын объект, тээврийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн гэмтэл, эвдрэлийг ээлжийн ахлагчийн зөвшөөрлөөр засварлана. Нөхцөл байдал тухайн эд ангийг ашиглалтаас гаргаж засварлах боломжгүй болгож байгаа бол ээлжийн ахлагч, тавцан дээрх хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгсэл, түүний машин, механизмуудыг болзошгүй гэмтэл, эвдрэлээс урьдчилан сэргийлэх талаар бүх арга хэмжээг авна.
3.4. Усан замын объект, тээврийн хэрэгслийн нөөц техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг жилийн туршид ажилласан цаг нь ойролцоо, тэнцүү байхаар ээлжлэн ажиллуулна.
3.5. Усан замын объект, тээврийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийн ажиллаж буй байдал, ажлын горимд тавих хяналтыг осол аваараас урьдчилан сэргийлэх дохиоллын хэрэгсэл, суурилуулсан хэмжил зүйн хэрэгслийн хяналтын заалтаар болон механизм, системийн ерөнхий ажиллагаа, байдлыг ажиглах замаар хэрэгжүүлнэ.
3.6. Осол, аваараас урьдчилан сэргийлэх дохиоллын болон аваарийн хамгаалалтын бүх хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах ба үйлдвэрлэгчийн зааврын дагуу үе үе шалгаж байна. Хяналтын үзлэг болон урьдчилан сэргийлэх засварын хугацаанд зөвхөн ээлжийн ахлагчийн зөвшөөрлөөр тэдгээр хэрэгслийг унтраах ба энэ тухай усан замын тээврийн хэрэгслийн журнал /дэвтэр/, хөдөлгүүрийн журнал /дэвтэр/-д зохих бичилт үйлдэж ахмад, механик, ахлах механикт илтгэнэ.
3.7.Аваарийн хамгаалалтын хэрэгслийг тохируулж лацдсан байна. Ашиглалтын хугацаанд лацыг санамсаргүй хөндсөн тохиолдолд хөдөлгүүрийн дэвтэрт тэмдэглэл үйлдэнэ. Лацыг эхэлж хүрэлцэн очсон боомтдоо сэргээнэ.
3.8. Хяналтын хэмжил зүйн бүх хэрэгслүүд хэвийн ажиллаж байх ёстой ба хүчин төгөлдөр гэрчилгээтэй буюу үзлэгийн тамга, дардастай байна.
3.9. Осол аваараас урьдчилан сэргийлэх дохиоллын болон аваарийн хамгаалалтын хэрэгсэл тодорхойгүй шалтгаанаар автоматаар гэнэт ажилласан бол ээлжийн механик шалтгааныг нь тодорхойлж, техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийг гэмтэх, эвдрэхээс хамгаалах, илрүүлсэн гэмтэл, эвдрэлийг засах зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч, энэ тухай механик /ахлах механик/-т мэдээлнэ. Эдгээр хэрэгсэл нь тодорхойгүй шалтгаанаар удаа дараа гэнэт ажиллаж байгаа бол ээлжийн ажилтан тэдгээрийг унтрааж, механизм, системийн ажиллагааг хэвийн болгох ба ээлжинд гарч буй ахмадын туслах, механикт энэ тухай мэдэгдэж, хөдөлгүүрийн болон усан замын тээврийн хэрэгслийн журнал /дэвтэр/-д зохих тэмдэглэгээ хийнэ. Осол аваараас урьдчилан сэргийлэх дохиоллын болон аваарийн хамгаалалтын хэрэгслийг нь салгасан /унтраасан/ механизм, системийн ажиллагааны үзүүлэлтүүдийн хяналтыг чангатгах арга хэмжээг ээлжинд гарч буй механик авна.
3.10. Усан замын объект, тээврийн хэрэгсэлд тээвэрлэж буй ачаа болон хүмүүсийн амь насанд аюул учрахаар эвдрэл, гэмтэл үүссэн нөхцөлд ээлжинд гарч буй ахмадын туслах бие дааж, эсвэл хэн нэгэнд осол аваараас урьдчилан сэргийлэх дохиоллын болон аваарийн хамгаалалтын хэрэгслийг салгах удирдамжийг өгнө. Салгасан /унтраасан/ тодорхой тохиолдол бүрт ээлжинд гарч буй ахмадын туслах ахмад, эсхүл механик /ахлах механик/-т нэн даруй илтгэнэ. Усан замын тээврийн хэрэгслийн болон хөдөлгүүрийн журнал /дэвтэр/-д энэ тухай тэмдэглэл хийнэ.
3.11. Гол хөдөлгүүр эвдэрсэн эсвэл тодорхойгүй шалтгаанаар гэнэт унтарсан бол ээлжинд гарч буй ахмадын туслах эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоож, засварлах зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авна. Бусад нэн хэрэгцээт техник, тоног төхөөрөмж, хэрэгсэлд тодорхойгүй шалтгаанаар гэнэт эвдрэл, гэмтэл гарсан бол ээлжинд гарч буй багийн гишүүд нөөц техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг ажиллуулах бөгөөд ахмад, эсхүл механик /ахлах механик/-т энэ тухай нэн даруй илтгэнэ. Усан замын тээврийн хэрэгслийн болон хөдөлгүүрийн журнал /дэвтэр/-д энэ тухай тэмдэглэл хийнэ.
3.12. Усан замын объект, тээврийн хэрэгслийн бүх техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийг зориулалтаар нь ашиглана. Тэдгээрийг ажил, үйлчилгээнд бэлтгэх, оруулах, ажиллах горимд нь хяналт тавих, ажил, үйлчилгээнээс гаргах, зогсоох талаарх товч зааврыг дэргэд нь өлгөсөн байна. Хатаах систем, бохирын систем болон бусад бохирын системийн бүдүүвч зургуудад хүрээлэн буй орчныг бохирдуулахаас хамгаалсан цорго, таглааг лацдах хэсгийг заасан байна.
3.13. Зогсолтын горимд байх үед зогсоолын нөхцөл болон боомтод үйлчилж буй дүрмээс хамааран ахмад усан замын тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг байнгын ба тодорхой хугацаатай гэж зэрэг тогтооно.
4. Усан замын объект, тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ хийх
4.1. Техникийн үйлчилгээ нь усан замын объект, тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байлгах, техникийн байдалд нь хяналт тавих, эвдрэл, гэмтлийг нь илрүүлж засварлах, элэгдсэн болон эвдэрсэн эд анги, зангилааг солиход чиглэгдсэн объектын ажилтан, багийн гишүүдийн гүйцэтгэж буй иж бүрэн цогц ажил юм.
4.2. Ажиллуулаагүй байгаа механизмуудыг задлах, техникийн үйлчилгээ хийх ажлыг ахмадад мэдэгдэж, механик болон ахмадын ахлах туслахын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
4.3. Техникийн үйлчилгээг усан замын объект, тээврийн хэрэгсэл эзэмшигч /өмчлөгч/-ийн баталсан техникийн үйлчилгээний заавар болон техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл үйлдвэрлэгчийн зааварт нийцүүлэн хийнэ. Техникийн үйлчилгээ хийх давтамжийг усан замын объект, тээврийн хэрэгслийн эзэмшигч /өмчлөгч/ тогтооно.
4.4. Тухайн техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг хариуцаж буй багийн гишүүд техникийн үйлчилгээ хийх ажлыг тогтоосон хугацаа, хэмжээгээр гүйцэтгэнэ. Техникийн үйлчилгээгээр хийгдэж буй ажлын гүйцэтгэлд механик байнгын хяналт тавина.
4.5. Өдөр тутмын техникийн үйлчилгээг багийн гишүүд хийнэ. Усан замын тээврийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн төлөвлөгөөт, давтамжит техникийн үйлчилгээг үйлдвэрлэгчийн зааврын дагуу багийн гишүүд, эсвэл эргийн байгууллагын ажилтнууд хийнэ. Эргийн байгууллагын ажилтнуудын хийж буй техник, тоног төхөөрөмж, механизмуудын техникийн үйлчилгээг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэнэ.
4.6. Техникийн үйлчилгээ хийх явцад илрүүлсэн эвдрэл, гэмтлийг засварлана. Тухайн цаг мөчид техникийн хувьд засварлах боломжгүй, шинж чанараараа аюултай хор уршиг учруулахааргүй эвдрэл, гэмтэл байвал тухайн техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг хязгаарлалттай, түр ашиглахыг усан замын тээврийн улсын байцаагч зөвшөөрч болно. Ашиглалтын хязгаарын шинж чанар, зэргийг улсын байцаагч, усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч /өмчлөгч/-ийн өргөдлөөр онцгойлон үзэж тодорхой хугацаагаар тогтооно.
4.7. Үндсэн бүх механизм, системийг задлах, угсрахад зайлшгүй шаардлагатай тусгай түлхүүр багаж, хэрэгслээр хангасан байна. Нөөц сэлбэг хэрэгсэл, тусгай түлхүүр багаж, хэрэгслүүдийг бүрэн бүтэн, тэдгээрт зориулж тусгайлан бэлтгэсэн, хялбархан авч болох, ил харагдах, чанарын шаардлага хангасан газарт найдвартай бэхэлсэн байна.
5. Усан замын тээврийн хэрэгслийн сул зогсолт
5.1. Усан замын тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх үед болон хөвөлтийн улиралд, хөвөлтийн улирал хооронд эзэмшигч /өмчлөгч/-ийн шийдвэрээр ашиглалтаас гаргаж сул зогсооно. Ашиглалтаас түүний техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, системийг ажиллуулж буюу ажиллуулахгүйгээр гаргана.
5.2. Усан замын тээврийн хэрэгслийг өвлийн сул зогсолтод тавихад бэлтгэх зохион байгуулалтын арга хэмжээ, түүнчлэн усан замын тээврийн хэрэгслийн зарим техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, системийг өвөлжилтэд бэлтгэх, хадгалах ажлууд болон тэдгээрийг биелүүлэх хугацааг эзэмшигч /өмчлөгч/ тогтооно.
5.3. Өвлийн сул зогсолтын хугацаанд усан замын тээврийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийг хадгалахдаа тэдгээрийн техникийн зааварт заасны дагуу гүйцэтгэнэ.
5.4. Усан замын тээврийн хэрэгслийг өвөлжилтэд бэлтгэх, түүний болон түүн дээрх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийг хадгалах, ослоос урьдчилан сэргийлэх аврах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж, хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажлыг ахмадын удирдлагаар гүйцэтгэнэ.
5.5. Усан замын тээврийн хэрэгслийг удаан /хөвөлтийн улирал хоорондын хугацаанаас илүү/ хугацаагаар ашиглалтаас гаргах тохиолдолд усан замын тээврийн хэрэгсэл, түүний техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийн бүрэн бүтэн байдлыг бүхэлд нь хангахын тулд тэдгээрийн техник ашиглалтын зааварт заасны дагуу тусгай нөөцөд хадгална. Усан замын тээврийн хэрэгслийг тусгай нөөцөд хадгалах ажил дууссаны дараа эзэмшигч /өмчлөгч/ акт үйлдэж, усан замын тээврийн хэрэгслийг тусгай нөөцөд хадгалсан тухай болон хадгалах хугацааг заасан тушаал гаргана.
5.6. Хөвөлтийн үед сул зогсолтод гаргасан усан замын тээврийн хэрэгслийн хамгаалалтыг багийн гишүүд эсвэл түүнийг зогсоож буй объектын ажилтнууд гэрээгээр гүйцэтгэнэ.
5.7. Хөвөлтийн болон хөвөлтийн улирал хооронд эзэмшигч /өмчлөгч/ ба хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээний нөхцлийн дагуу усан замын тээврийн хэрэгслийг засварт эсвэл сул зогсолтод хүлээн авсан актад гарын үсэг зурсан үеэс усан замын тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, түүний бүх бүрэлдэхүүн хэсгийн бүрэн бүтэн байдлын хариуцлагыг гэрээнд зааснаар хүлээнэ.
6. Усан замын объект, тээврийн хэрэгслийн засвар
6.1. Усан замын объект, тээврийн хэрэгсэл болон түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийн техник ашиглалтын өгөгдсөн үзүүлэлтүүдийг тодорхой цаг хугацаанд сэргээх, хэвийн ажиллагаатай байлгах зорилгоор техник ашиглалтын нэг бүрэлдэхүүн хэсэг болох засвар хийнэ.
6.2. Усан замын объект, тээврийн хэрэгслийн засварыг дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд:
6.2.1. урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт систем засвар буюу тогтоосон давтамжтай хийх цогц төлөвлөгөөт засварууд;
6.2.2. техникийн ашиглалтын байдлаар буюу элэгдэл, зэврэлт хэмжих болон тооцоолох аргуудаар тодорхойлсон усан замын объект, тээврийн хэрэгслийн үндсэн бүрдүүлэгч хэсгүүдийн элэгдэл, зэврэлтийн байж болох хэм хэмжээгээр.
6.3. Усан замын объект, тээврийн хэрэгслийн техникийн байдал, ашиглагдах хугацаанаас хамааран урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт систем засварыг усан замын объект, тээврийн хэрэгслийн ашиглалтын бүх хугацааны туршид хийх ба урсгал засвар, дундын болон сэргээн босгох их засвар гэж ангилна.
6.4. Эдгээр засварын хоорондох хугацаанд усан замын тээврийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийн техникийн үйлчилгээг тэдгээрийн ашиглалтын зааврын дагуу хийх ба шаардлагатай тохиолдолд баталгаат болон аваарийн засварыг хийнэ.
6.5. Урсгал засварыг усан замын объект, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын үзүүлэлтүүдийг өгөгдсөн хязгаарт байлгах, түргэн элэгддэг хэсгүүдийг сэргээх, солих зорилгоор хийнэ. Урсгал засварыг дундын болон сэргээн босгох их засваруудын хооронд хийнэ. Урсгал засвар хийх хугацаа, давтамж болон хамрах хэмжээг усан замын объект, тээврийн хэрэгслийнхээ бодит байдлыг тооцож, эзэмшигч /өмчлөгч/ тодорхойлно. Урсгал засварын дараа усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтад хүлээн авах дэг, дарааллыг эзэмшигч /өмчлөгч/ хяналтын байгууллагыг оролцуулан тогтооно.
6.6. Урсгал засварын хоорондох хугацааг баримталсан нөхцөлд дараагийн ээлжит дундын ба их засвар хүртэл усан замын тээврийн хэрэгслийн ажиллагааг хангах, түүний тодорхой нэр төрлийн нэг хэсгийг сэргээх, солих замаар техник ашиглалтын үзүүлэлтүүдийг нь өгөгдсөн утганд хүртэл сэргээх зорилгоор дундын засварыг хийнэ.
6.7. Дундын засвараар усан замын тээврийн хэрэгслийн их биеийн байгууламжийн ялтас төмрийн уулзвар, зангилаа хэсгүүдийн гагнаас болон бүх техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системд элэгдэл, гэмтэл, зэврэлт илрүүлэх үзлэг хийж, үзлэгийн дүнгээр усан замын тээврийн хэрэгслийн их биеийн байгууламжийн гадаргууны ялтас төмөр, техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийн эд ангийг солих эсвэл уулзвар, зангилааг сэргээнэ.
6.8. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн байдлаас хамаарч дундын засварыг хийх хугацааг өөрчилж болно. Дундын засварыг хийж дууссаны дараа усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтад хүлээн авахдаа засвар гүйцэтгэгч, эзэмшигч /өмчлөгч/, хяналтын байгууллагыг оролцуулан ажлын хэсэг байгуулна.
6.9. Усан замын тээврийн хэрэгслийн үндсэн эд ангиудыг болон бусад аливаа эд ангийг солих буюу сэргээн засварлаж, мөн зөв зүйтэй өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэн түүний техник ашиглалтын үзүүлэлтүүдийг баригдаж байх үеийнх нь хэмжээнд хүргэх зорилгоор иж бүрэн сэргээн засварлах их /капитал/ засварыг хийнэ.
6.10. Усан замын тээврийн хэрэгслийн тодорхой хэсгүүд /уулзвар, зангилаа/, гол ба туслах хөдөлгүүрүүд, түүнчлэн туслах механизмууд болон техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, системүүдийн их засварын хугацаа болсон эсэхээс үл хамааран ашиглалтын нөөц нь дууссан, эсвэл тэдгээрийн техникийн байдал нь их засвар хийхийг шаардаж буй тохиолдолд их засвар хийнэ. Иж бүрэн сэргээн засварлах их засварын дараа усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтад хүлээн авахдаа засвар хийсэн байгууллага, эзэмшигч /өмчлөгч/, хяналтын байгууллагыг оролцуулан ажлын хэсэг байгуулна.
6.11. Дундын болон сэргээн босгох их засварыг хийхдээ усан замын тээврийн хэрэгслийг эрэгт гаргаж, тусгайлан зассан засварын зогсоол (док), налуу тавцан (эсвэл бусад аргаар их биеийн байгууламжийн усан дор оршдог ёроолыг ил гарган) дээр хийнэ. Засварын явцад эвдрэл, гэмтэл, зэврэлтийг тогтоож, их биеийн байгууламжийг зэврэлт, элдэв замаг, ургамалын ургалт, бактерын наалдацаас хамгаалах хамгаалалтыг сэргээн, их биеийн усан дор оршдог ёроол, жолооны хөдөлгөгч иж бүрдэл, ёроолын ханын арматур болон ёроолын бусад хэсэгт илрүүлсэн эвдрэл, гэмтлийг засварлаж, зэврэлтээс хамгаална.
6.12. Осол, аваар гарсан буюу тээврийн бусад зөрчлийн улмаас бий болсон эвдрэл, гэмтлийг засах, усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын үзүүлэлтийг сэргээх зорилгоор осол, аваарийн засварыг хийнэ. Осол, аваарийн засварт хүчин төгөлдөр үйлчилж буй заавруудын дагуу акт үйлдэнэ. Засварын өмнө ба хойно усан замын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын ээлжит бус үзлэгт оруулна. Хөвөлтийн аюулгүй байдлыг хангах зайлшгүй тохиолдолд техникийн хяналтын байгууллагатай зөвшилцөж, засварын ажлыг хэсэгчлэн буюу ээлжит төлөвлөгөөт засвар хүртэл бүрэн хойшлуулж болно.
6.13. Усан замын тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсний дараа эсвэл үйлдвэрлэгчээс засвар хийсний дараах баталгаат хугацаанд түүнийг ашиглах явцад техник ашиглалтын зөрчил гаргаагүй байхад их бие байгууламж, бусад засвар хийсэн хэсгүүдэд илэрсэн гажилт, зогсолт, эвдрэл, гэмтлийг засвар хийсэн газар, эсвэл усан замын тээврийн хэрэгслийг үйлдвэрлэгч өөрийн хөрөнгөөр засварлана. Баталгаат засвар хийх үндэслэл нь үйлдвэрлэгчид болон засварын газарт эзэмшигч /өмчлөгч/-ийн үзүүлэх акт болно.
6.14. Усан замын тээврийн хэрэгслийг урсгал, дундын болон сэргээн босгох их засвараас ашиглалтын бэлэн байдалд хүлээн авсан актууд ба засвар гүйцэтгэсэн жагсаалт нь түүнийг ашиглалтын бэлэн байдалд байгааг баталсан баримтууд болно.
6.15. Усан замын тээврийн хэрэгслийг техникийн байдал (элэгдэл хорогдлын байж болох хэм хэмжээ) -аар нь засварлах үед эзэмшигч /өмчлөгч/ усан замын тээврийн хэрэгслийнхээ үндсэн хэсгүүдийн техникийн байдалд байнгын хяналт тавина. Усан замын тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлын байж болох хэм хэмжээ нь хэтэрсэн үндсэн хэсгүүдийн засварыг эзэмшигч /өмчлөгч/ шаардлагатай хэмжээгээр зохион байгуулах ба техникийн хяналтын байгууллагын зааврын дагуу шинээр солино.
6.16. Эзэмшигч /өмчлөгч/ нь засварын байгууллагатай гэрээ байгуулж усан замын тээврийн хэрэгслээ засварт оруулна. Гэрээнд дараах зүйлийг тусгана. Үүнд:
- тооцооны нөхцөл, өртөг;
- эхлэх, дуусах хугацаа;
- засварын байгууллагын гүйцэтгэх ажлын хэмжээ;
- усан замын тээврийн хэрэгслийг засварт бэлтгэх, хүлээн авах болон засвараас гаргах, хүлээн авах нөхцөл;
- техникийн хяналтын байгууллагын оролцоо;
- баталгаагаар хүлээсэн үүрэг;
- засварын байгууллагад өгсөн ажлын жагсаалтад тусгагдаагүй засварын ажлыг эзэмшигч /өмчлөгч/-ийн татан оролцуулж буй багийн гишүүдийн хүчээр болон бусад байгууллагаар гүйцэтгүүлэх нөхцөл, хэмжээ;
- усан замын тээврийн хэрэгслээс салгасан эд анги, тоног төхөөрөмж, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
- талуудын зөвшилцсөнөөр бусад нөхцлүүд.
6.17. Төлөвлөж буй засварын ажлын жагсаалтыг бүрдүүлэх анхан шатны баримт бичгүүд. Үүнд:
- хяналтын байгууллагын шаардлага, удирдамж заавар, актууд;
- элэгдэл, хорогдлын байж болох хэм хэмжээ;
- ашиглалтын явц дахь ажиглалт, үзлэг ба засварын өмнөх эвдрэл, гэмтэл илрүүлэх үзлэгийн үр дүн.
6.18. Усан замын тээврийн хэрэгслээ засварт оруулахын өмнө эзэмшигч /өмчлөгч/ дараах үүрэгтэй:
6.18.1. шаардлагатай тохиолдолд санал болгосон ажлын онцлог, шинж чанар, хэмжээг болон засварын баримт бичгүүдийг нарийвчлах зорилгоор усан замын тээврийн хэрэгсэлд үзлэг хийх боломжийг засварын байгууллагад олгоно;
6.18.2. санал болгосон засварын ажлын жагсаалтыг хяналтын байгууллагын дүрэмд нийцүүлэх талаар уг байгууллагатай зөвшилцөх;
6.18.3. санал болгосон засварын ажлыг хийхэд зайлшгүй шаардлагатай, усан замын тээврийн хэрэгслийн зохион бүтээгдсэн болон техникийн баримт бичгүүдийг засварын байгууллагад шилжүүлэн өгөх;
6.18.4. засварын хугацаанд усан замын тээврийн хэрэгсэл дээр /гэрээний дагуу/ үлдээх багийн гишүүдийн тоо, бүрэлдэхүүнийг батлах;
6.19. Усан замын тээврийн хэрэгслийг засварт оруулах бэлтгэл ажлыг ахмад, механик зохион байгуулна.
6.20. Бэлтгэл хангагдсан усан замын тээврийн хэрэгслийг засуулахаар засварын байгууллагад хүлээлгэн өгөхдөө акт үйлдэх ба актад гарын үсэг зурсан өдрөөс засвар эхэлсэн гэж үзнэ. Засварын явцад засагдаж буй усан замын тээврийн хэрэгсэлд шаардлагатай ажлын зураг, технологийн горим, эсгүүрийн хэрэгцээ гарсан бол тэдгээрийг засвар хийж буй байгууллага боловсруулна.
6.21. Дундын ба сэргээн босгох их засварыг техникийн хяналтын байгууллага болон эзэмшигч /өмчлөгч/-ийн хяналтын дор хийнэ. Засвар хийхэд ашиглаж буй материалууд, механизм, эд анги, их биеийн байгууламжийн бүтцийн технологийн, техникийн ба зохион бүтээсэн баримт бичгүүдийг эзэмшигч /өмчлөгч/-тэй зөвшилцөх бөгөөд шаардлагатай бол техникийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авна. Усан замын тээврийн хэрэгсэл дээр суурилуулж буй хяналтын байгууллагын хяналтад байх ёстой механизм, тоног төхөөрөмж болон эд анги, хэрэгслүүд зохих ёсны гэрчилгээтэй байна.
6.22. Усан замын тээврийн хэрэгслийг засварт оруулахаар байршуулсны дараа эзэмшигч /өмчлөгч/, засварын байгууллагын төлөөлөгчид түүнд үзлэг хийх ба түүнийг өргөж засварын зогсоол дээр болон засварын налуу тавцан дээр байршуулсны дараа их биеийн байгууламж, жолоодлогын залуурын иж бүрдэл, их биеийн гадна талын арматурын гэмтэл, эвдрэл, зэврэлтийг тодорхойлж засварын ажлын хэмжээ далайц, засварын хугацааг нарийвчилна. Мехнизм, эд анги, зангилааны засварын шинж чанарыг нарийвчлан тодорхойлохын тулд засварын өмнөх туршилт хийх шаардлагатай бол эзэмшигч /өмчлөгч/ туршилтыг хийнэ.
6.23. Усан замын тээврийн хэрэгслийн ахмад, механик эсвэл эзэмшигч /өмчлөгч/-ийн бүрэн эрх олгосон этгээд засварын ажлын гүйцэтгэл, хугацааг хянах ба усан замын тээврийн хэрэгслийг засвараас гаргаж хүлээн авах ажилд оролцоно.
6.24. Засварын байгууллагын гүйцэтгэсэн ажлын чанар, бүрэн дуусгасан байдал, хэрэглэсэн материалууд техникийн нөхцөл, стандартад нийцэж байгаа эсэх хариуцлагыг засварын байгууллага хүлээнэ.
6.25. Дундын ба сэргээн босгох их засварын дараах усан замын тээврийн хэрэгслийн туршилтыг засварын байгууллага эсвэл засварын төслийн зохиогч боловсруулсан хөтөлбөрийн дагуу эзэмшигч /өмчлөгч/, техникийн хяналтын байгууллагатай зөвшилцөн явуулна.
6.26. Туршилтын хугацаанд усан замын тээврийн хэрэгсэл, түүний бүх техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизмийн үйлчилгээг багийн гишүүд хариуцан гүйцэтгэнэ. Туршилтын явцад усан замын тээврийн хэрэгслийн ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлөх гэмтэл, согогыг илрүүлсэн бол, тэдгээрийг засварласны дараа эзэмшигч /өмчлөгч/-ийн эсхүл техникийн хяналтын байгууллагын шаардлагаар дахин туршилт явуулна.
6.27. Усан замын тээврийн хэрэгслийг засварлаж байх хугацаанд түүний галын аюулгүй байдлыг хангах хариуцлагыг засварын гэрээгээр тодорхойлно. Эзэмшигч /өмчлөгч/-ийн томилсон ахмад эсвэл бусад этгээд засварлагдаж буй усан замын тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг хангах хяналтыг хийнэ.
6.28. Засвар дууссаны дараа дараах ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:
6.28.1. засварын байгууллагад шилжүүлсэн бүх баримт бичгийг усан замын тээврийн хэрэгсэл дээр буцааж авчирна;
6.28.2. засварын байгууллага нь засвар хийсэн тайлан, баримт бичгийг болон хийж гүйцэтгэсэн ажлын үнэ өртгийг заасан засварын жагсаалтыг эзэмшигч /өмчлөгч/-ийн төлөөлөгчид шилжүүлэн өгнө.
6.29. Баталгаат хугацаанд илэрсэн засварын ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэнтэй холбоотой эвдрэл, гэмтэлд акт үйлдэж, засвар хийсэн байгууллагад шилжүүлэн өгнө. Илэрсэн эвдрэл, гэмтлийг засварын байгууллага гэрээнд заасан хугацаанд засварлана.
7. Усан замын объект, тээврийн хэрэгслийг ашиглалтад бэлтгэх
7.1. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу бүртгүүлж, ашиглалтын бэлэн байдлыг хангасан усан замын тээврийн хэрэгсэл ба Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох журмын шаардлагыг хангасан объектыг ашиглалтад оруулна.
7.2. Усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтад оруулахын өмнө эзэмшигч /өмчлөгч/-ийн баталсан багийн бүрэлдэхүүний жагсаалтын дагуу багийн гишүүдийг бүрдүүлнэ.
7.3. Усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг ахмад ерөнхийд нь удирдана. Ашиглалтад оруулах бэлтгэл ажлын шууд удирдлагыг ахмадын туслах, механик өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу хэрэгжүүлнэ.
7.4. Усан замын тээврийн хэрэгсэлд суурилуулсан техник хэрэгсэл, механизм, түүний дотор холбоо дохио, радионавигацын тоног төхөөрөмж, аккумуляторын батарей зэрэг тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангахдаа тэдгээрийн ашиглалтын техникийн нөхцлийн дагуу ажлын горимд оруулна.
7.5. Багийн гишүүд усан замын тээврийн хэрэгсэлд суурилуулсан ашиглалтад оруулах техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, түүний дотор холбоо дохио, радионавигацын тоног төхөөрөмж, аккумуляторын батарей зэрэг тоног төхөөрөмжид нарийвчилсан үзлэг хийж, техникийн байдлыг шалгахаас бэлтгэл ажлыг эхлэх ба шаардлагатай бол хуваарилах эд ангиуд, залгах, ухраах төхөөрөмж, удирдлага хяналтын болон дохиолол хамгаалалтын хэрэгслийн тохиргоог хийж, зайлшгүй тохиолдолд туршилтын асаалт, залгалтыг хийж механизмуудыг ажиллуулж туршилт хийнэ. Туршилтын асаалтыг удирдлагын бүх өрөөнөөс гүйцэтгэнэ.
7.6. Усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтад бэлтгэхдээ дараах механизмуудын бүрэн бүтэн байдал, ажиллагааны бэлэн байдалд онцгой анхаарна. Үүнд:
- жолоодлогын тоног төхөөрөмж;
- зангууны тоног төхөөрөмж;
- осол аваарийн дохионы хэрэгслүүд;
- цахилгааны болон гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж;
- аврах хэрэгслүүд;
- галын аюулаас сэргийлэх хэрэгслүүд;
- алсын зайны удирдлага;
- хатаах систем;
- экологийн тоног төхөөрөмж;
- ус үл нэвтрүүлэх болон галын аюулаас хамгаалах тагны түгжээ;
- аваарийн үед хэрэглэх эд хөрөнгө.
7.7. Усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтад бэлтгэхдээ дотоод тавилга, сэлбэг хэрэгсэл болон бусад зайлшгүй хангамжаар хангана.
8. Усан замын тээврийн хэрэгслийг түлш шатахуун, тос, усаар хангах
8.1. Усан замын тээврийн хэрэгслийн эрчим хүч үүсгэгч тоног төхөөрөмжид ашиглаж буй түлш шатахуун, тос нь гадаад орчны янз бүрийн нөхцөлд, дизель хөдөлгүүр, уурын даралтат тоног төхөөрөмж, механизмуудын найдвартай, үр ашигтай ажиллагааг техникийн нөхцлөөр тогтоосон хэвийн үзүүлэлтээр нь хангаж байна.
8.2. Түлш шатахуун, тосыг битүүмжилсэн байдлаар усан замын тээврийн хэрэгсэл дээр хүлээн авна. Түлш шатахуунаар цэнэглэхдээ усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч /өмчлөгч/-ийн баталсан цэнэглэх зааврын дагуу эсвэл түүний даалгаснаар ахмадын заавраар гүйцэтгэх ба түлш шатахуун, тос нь паспорт эсхүл гэрчилгээтэй байна. Эдгээр баримт бичигт түлш шатахуун, тосны марк ба үндсэн физик, химийн үзүүлэлтүүдийг заана.
8.3. Усан замын тээврийн хэрэгсэл дээр хүлээн авч буй түлш шатахуун, тосны багц бүрээс цэнэглэгч этгээд сорьц авч түлш шатахуун, тосны температурыг зааж лацдах бөгөөд сорьцыг тухайн багц түлш шатахуун, тосыг хэрэглэж дуусах бүх хугацааны туршид усан замын тээврийн хэрэгсэл дээр хадгална.
8.4. Хүлээн авах үед эсхүл хэрэглэх үед түлш шатахууны эсхүл тосны чанарт эргэлзээтэй шинж тэмдэг илэрсэн бол механик сорьц сонгон авч, хяналтын шинжилгээ хийлгэхээр лабораторид хүргүүлэх ба лабораторийн дүгнэлтийг үндэслэн цаашид хэрэглэх боломжтой эсэх, эсхүл нийлүүлэгчид нэхэмжлэл гаргах эсэх тухай шийдвэрийг гаргана.
8.5. Усан замын тээврийн хэрэгсэл дээр түлш шатахуун, тос хүлээн авах, хадгалах, зарцуулахад хяналт тавих болон зохих баримт бичгийг бүрдүүлэх ажлыг механик хариуцна. Түүхий нефть бүтээгдэхүүн хүлээн авах ажиллагааг ээлжинд гарч буй ахмадын туслахын шийдвэрээр гүйцэтгэнэ.
8.6. Түлш шатахуун, тосыг хүлээн авах үед асгарахаас урьдчилан сэргийлж усан замын тээврийн хэрэгсэл ба цэнэглэгч хоорондоо шууд холбогдсон байна.
8.7. Хөдөлгүүр, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулж болзошгүй механик хольц, усыг зайлуулах зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн эрчим хүчний эх үүсвэрт хэрэглэх түлш шатахуун, тосыг зохих шүүлтэд оруулна.
8.8. Тослох материалыг цаг тухайд нь солих, ажиллаж буй механизм, системд тэдгээрийг хэмнэлттэй зарцуулахын тулд усан замын тээврийн хэрэгсэлд хэрэглэж буй тос, тослох материал, тусгай шингэний төлөв байдалд хяналт тавина. Усан замын тээврийн хэрэгслийн ажиллаж буй тосны чанарт механик, эргийн болон усан замын тээврийн хэрэгсэлд тоноглосон лабораторийн дүгнэлтээр хяналт тавина. Тосыг гологдлын үзүүлэлтээр нь солино.
8.9. Усан замын тээврийн хэрэгсэл дээрх түлш шатахуун, тосны зарцуулалтын тооцоог механик хийнэ. Түлш шатахуун, тосны зарцуулалтын тайлан тооцооны зааврыг усан замын тээврийн хэрэгслийн эзэмшигч /өмчлөгч/ тодорхойлно.
8.10. Зогсоолын байгууламжаас болон эрүүл ахуйн шаардлага хангасан бусад газраас усан замын тээврийн хэрэгсэл дээр ус нөөцөлж авна. Нуур, гол мөрөнд аялж буй усан замын тээврийн хэрэгсэл эрүүл ахуй, халдвар нян судлалын хяналтын байгууллагаас ашиглахыг зөвшөөрсөн ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй тохиолдолд нуур, гол, мөрний усыг цэвэршүүлж, ариутган хэрэглэж болно.
8.11. Ундны усны чанарт ахмадын ахлах туслах хяналт тавина. Ундны усан хангамжид тавих тодорхой давтамжит хяналтыг эрүүл ахуй, халдвар нян судлалын байгууллага хэрэгжүүлнэ.
9. Усан замын объект, тээврийн хэрэгсэлд хяналт хийх
9.1. Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдал болон хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тээвэрлэж буй ачааны бүрэн бүтэн байдлыг хадгалах, хүрээлэн буй усан орчинг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор усан замын объект, тээврийн хэрэгсэлд Усан замын тээврийн тухай[2] тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хяналт хийнэ.
9.1.1. Усан замын объект, тээврийн хэрэгслийг ашиглах хугацаанд дараах хяналт, шалгалтыг хийнэ. Үүнд:
- техникийн;
- галын;
- эрүүл ахуй, халдвар нян судлалын;
- хөдөлмөр хамгааллын;
- экологийн;
- холбоо, дохионы;
- усан замын хөвөлтийн аюулгүй байдлын.
9.1.2. хяналт, шалгалтын дүгнэлтээр, үүнд бүрэн эрх олгогдсон байгууллага хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг нь заасан, тогтоосон загварын баримт бичгийг усан замын тээврийн хэрэгсэлд олгоно.
9.1.3. усан замын объект, тээврийн хэрэгсэл, түүний техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг цаг тухайд нь үзлэгт оруулахыг эзэмшигч /өмчлөгч/ хариуцна.
9.1.4. усан замын тээврийн хэрэгслийн ахмад нь осол аваартай холбоотой болон усан орчныг бохирдуулсан тохиолдолд тусгай үзлэг хийлгэхээр хяналтын зохих байгууллагын байцаагчдыг дуудна. Усан замын тээврийн хэрэгсэл дээр байцаагч хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд эзэмшигч /өмчлөгч/, ахмадын шийдвэрээр болсон явдлыг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсгийн бүрдүүлсэн мөрдөн шалгалтын дүгнэлт, акт, материалыг хяналтын зохих байгууллагад танилцуулж шийдвэрлүүлнэ.
9.1.5. усан замын объект, тээврийн хэрэгсэл, түүний техник, тоног төхөөрөмж, хэрэгсэлд хяналтын байгууллагын байцаагчид үзлэг хийх үедээ усан замын тээврийн хэрэгслийн ахмадаас эрх олгосон этгээдийг байлцуулна.
9.1.6. хяналтын байгууллагын шаардлагыг усан замын тээврийн хэрэгслийн эзэмшигч /өмчлөгч/ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дээд байгууллагад нь эсвэл шүүхэд хандана.
9.2. Техникийн хяналт
9.2.1. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтыг Усан замын тээврийн[3] тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлэх ба хангалттай гэж үзвэл зохих гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний үйлчлэх хугацааг сунгах буюу цуцална.
9.3. Галын аюулгүй байдалд тавих хяналт
9.3.1. Усан замын объект, тээврийн хэрэгслийг галаас хамгаалах тоног төхөөрөмж хэрэгслээр бүрэн тоноглогдсон эсэх, түүний гал унтраах систем, галын дохиолол, галын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүд үндэсний хууль тогтоомжийн шаардлагыг хангаж буй эсэхэд тавих хяналтыг Галын аюулгүй байдлын[4] тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлэх ба хангалттай гэж үзвэл зохих гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний үйлчлэх хугацааг сунгах буюу цуцална. Үзлэг шалгалтын үр дүн болон зайлшгүй шаардлагатай мэдээллийг усан замын тээврийн хэрэгслийн үзлэгийн нэгдсэн журнал /дэвтэр/-д бичнэ.
9.3.2. Усан замын тээврийн хэрэгслийн аялалын хугацаанд галын аюулгүй байдлыг хангах дүрэм, журмын биелэлтэд хяналт тавих, галын аюулгүй байдлыг шалгах ажиллагааг ахмад хэрэгжүүлнэ.
9.4. Эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар нян судлалын хяналт
9.4.1. Усан замын тээврийн хэрэгсэл, түүний техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизм, системийн эрүүл ахуй, ариун цэврийн ерөнхий байдал болон эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар нян судлалын хэм хэмжээ, дүрэм, журмыг мөрдөж буй эсэхийг МХЕГ-ын эрүүл ахуйн улсын байцаагч шалгаж хяналт тавих ба хангалттай гэж үзсэн тохиолдолд гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний үйлчлэх хугацааг сунгах буюу цуцална.
9.5. Хөдөлмөр хамгааллын шалгалт, хяналт
9.5.1. Усан замын тээврийн хэрэгсэл дээр хөдөлмөр хамгааллын хэм хэмжээ, дүрэм журам мөрдөгдөж буй эсэхийг шалгах, хянах ажлыг МХЕГ-ын хөдөлмөр хамгааллын улсын байцаагч хэрэгжүүлнэ. Үзлэг шалгалтын үр дүн болон зайлшгүй шаардлагатай мэдээллийг усан замын тээврийн хэрэгслийн үзлэгийн нэгдсэн дэвтэрт бичнэ.
9.6. Экологийн хяналт, шалгалт
9.6.1. Хүрээлэн буй усан орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх талаар усан замын объект, тээврийн хэрэгсэл, түүний механизм, системд үндэсний хууль тогтоомж, дүрэм журам, хэм хэмжээгээр тавигддаг шаардлагыг мөрдөж буй эсэх хяналтыг МХЕГ-ын төв, орон нутгийн байгаль орчны улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
9.6.2. Усан замын объект, тээврийн хэрэгслийн ашиглалтын үед экологийн аюулгүй байдлыг хангаж буй эсэх шалгалт, хяналтыг орон нутгийн захиргааны байгууллагын байгаль орчны болон бусад эрх бүхий байцаагчид хэрэгжүүлнэ.
9.6.3. Экологийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгсэл дээрээс ахуйн болон нефть агуулсан ус, хогоор, хүмүүс болон усны биологийн нөөцөд хор хохирол учруулах бусад хог бодисоор бохирдуулахаас урьдчилан сэргийлэх үүргийг эзэмшигч /өмчлөгч/ хэрэгжүүлнэ.
9.7. Харилцаа холбооны хяналт
9.7.1. Усан замын тээврийн хэрэгслийн радио холбоог ашиглах эрхийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авна. Техникийн үзлэг хийсний үндсэн дээр усан замын тээврийн хэрэгсэлд радио холбоо ашиглах зөвшөөрөл олгоно.
9.8. Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын хяналт
9.8.1. Усан замын тээврийн[5] тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын хяналтыг усан замын тээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
9.8.2. Усан замын тээврийн хяналтын улсын байцаагч нь усан замын тээврийн хэрэгслийн жолооч, эзэмшигч /өмчлөгч/, багийн гишүүд усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм, журам, стандарт, бусад хэм хэмжээ тогтоосон баримт бичгийн шаардлагыг мөрдөж буй эсэхийг шалгаж, хянана.
9.8.3. Үзлэг шалгалтын үр дүн болон зайлшгүй шаардлагатай мэдээллийг усан замын тээврийн хэрэгслийн үзлэгийн нэгдсэн дэвтэрт бичнэ.
9.9. Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч /өмчлөгч/-ийн хяналт
9.9.1. Усан замын объект, тээврийн хэрэгсэл эзэмшигч /өмчлөгч/ нь объект, тээврийн хэрэгслийнхээ техникийн байдалд болон хууль, дүрэм, журам, зааврын мөрдөлтөд хяналт тавина. Хяналт хийх давтамж, дэгийг тогтооно.
9.9.2. Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч /өмчлөгч/ нь улсын байцаагчдаас бүрдсэн тусгай ажлын хэсэг томилох замаар усан замын объект, тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтыг хэрэгжүүлж болно. Үзлэг шалгалт, хяналтаар усан замын тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн, өнгө үзэмжтэй байлгах талаар хийсэн багийн гишүүдийн ажлыг мөн үнэлнэ.
9.9.3. Байцаагчдын үзлэг шалгалт, хяналт хийх дэг, давтамж, хамрах хүрээ, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч /өмчлөгч/ батална.
10. Усан замын тээврийн хэрэгслийн баримт бичгийн бүрдэл
10.1. Усан замын объект, тээврийн хэрэгслийн эзэмшигч /өмчлөгч/ нь объект, тээврийн хэрэгслээ шаардлагатай баримт бичгээр хангаж, тэдгээрт цаг тухайд нь өөрчлөлт оруулна. Усан замын тээврийн хэрэгсэл нэг бүр, түүний зориулалт, аялах бүс, ашиглалтыг тогтоосон, зохих ёсоор бүрдүүлсэн, зайлшгүй шаардлагатай баримт бичигтэй байна.
10.2. Усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, хурд, их бие, байгууламж, дотоод засал, өрөө тасалгаа, агуулах савны зориулалт, эсвэл жолоодлогын бүхээг, дээд тавцангийн гаднахь ус зайлуулах цорго, хаалт өөрчлөгдсөн болон салхинд туугдах жингийн үзүүлэлтүүдийн өөрчлөлттэй холбоотой бүх тохиолдолд техникийн баримт бичигт өөрчлөлт оруулна. Өөрчлөлтийг усан замын тээврийн хэрэгсэлд хийсэн бодит өөрчлөлтүүд болон туршилтын үзүүлэлтүүдэд нийцүүлэн оруулна.
10.3. Усан замын тээврийн хэрэгслийн баримт бичиг дараах баримт бичгээс бүрдэнэ. Үүнд:
10.3.1. тээврийн хэрэгслийн баримт бичиг;
10.3.2. үйлдвэрлэгч /зохион бүтээгдсэн/-ийн баримт бичиг;
10.3.3. зохион байгуулалтын болон захирамжилсан баримт бичиг;
10.3.4. хангамжийн баримт бичиг;
10.3.5. эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичиг;
10.3.6. норм, нормативууд;
10.3.7. тайлан тооцооны баримт бичиг.
10.4. Усан замын тээврийн хэрэгсэл дээр байнга авч явах үндсэн баримт бичиг. Үүнд:
10.4.1. усан замын тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийн гэрчилгээ;
10.4.2. усан замын тээврийн хэрэгслийн хөвөх бүс /ангилал/-ийг заасан эсхүл Ангилалын гэрчилгээг хавсаргасан хөвөлтөд тохирсны гэрчилгээ;
10.4.3. Монгол Улсын Төрийн далбаа мандуулан хөвөх эрхийн гэрчилгээ;
10.4.4. усан замын тээврийн хэрэгслийн багийн гишүүдийн жагсаалт;
10.4.5. усан замын тээврийн хэрэгслийн ээлжийн ажиллагааны болон хөдөлгүүрийн ажиллагааг тэмдэглэх дэвтэр;
10.4.6. усан замын тээврийн хэрэгслийн эрүүл ахуйн гэрчилгээ;
10.4.7. усан замын тээврийн хэрэгслийн үзлэг, хяналтын тэмдэглэлийн дэвтэр;
10.4.8. хүрээлэн буй орчныг усан замын тээврийн хэрэгслээс шатах тослох материал, ахуйн бохир ус, хог хаягдлаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх тухай гэрчилгээ;
10.4.9. радио холбоо ашиглах эрхийн зөвшөөрөл;
10.4.10. багийн гишүүдийн тооны доод хязгаарыг тогтоосон гэрчилгээ.
10.4.11. усан замын тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийн гэрчилгээнээс бусад бүх баримт бичгийг усан замын тээврийн хэрэгсэл дээр эх хувиар нь хадгална. Усан замын тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг түүнийг олгосон байгууллага эсвэл нотариатаар баталгаажуулсан байна.
10.5. Үйлдвэрлэгч /зохион бүтээсэн/ -ийн баримт бичиг. Үүнд:
10.5.1. зохион бүтээсэн болон техникийн баримтууд, материалын ба техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн гэрчилгээнүүд, усан замын тээврийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизмын паспорт, тэдгээрийн үйлдвэрлэгчээс олгосон техник-ашиглалтын заавар, түүнчлэн усан замын тээврийн хэрэгслийг үйлдвэрлэж ашиглалтад оруулсны дараах туршилтын хүлээн авсан-өгсөн үзүүлэлтүүд болон хазайлтын өнцгийн туршилтын тэмдэглэл, акт.
10.5.2. үйлдвэрлэгч /зохион бүтээсэн/-ийн баримт бичгийн нэг иж бүрдлийг усан замын тээврийн хэрэгсэл дээр хадгална. Хяналтын байгууллагатай зөвшилцсөн эзэмшигч /өмчлөгч/-ийн шийдвэрээр зарим баримт бичгийн хуулбарыг хадгална. Хоёр дахь иж бүрдлийг усан замын тээврийн хэрэгслийн эзэмшигч /өмчлөгч/ хадгална. Усан замын тээврийн хэрэгсэл дээр хадгалж буй үйлдвэрлэгч /зохион бүтээсэн/-ийн баримт бичгийн тоо хэмжээг хяналтын байгууллагатай зөвшилцөн эзэмшигч /өмчлөгч/ тогтооно.
10.6. Зохион байгуулалтын болон захирамжилсан баримт бичиг. Үүнд:
10.6.1. зохион байгуулалтын болон захирамжилсан баримт бичгийг эзэмшигч /өмчлөгч/-өөс тогтоосон загвар, тоо хэмжээгээр хөтөлнө. Энэхүү баримт бичигт тушаал шийдвэрийн хавтасууд, хүлээн авсан, өгсөн актууд, ээлжийн ажиллагааны хуваарь, түгшүүрийн дохиогоор ажиллах ба хариуцах ажил үүргийн хуваарь зэрэг усан замын тээврийн хэрэгслийн өдөр тутмын техник ашиглалтын зохион байгуулалтыг агуулсан бусад баримт бичгүүд орно.
10.6.2. зохион байгуулалтын баримт бичгийг хөтлөх дэгийг баримт бичиг тус бүрт хавсаргасан зааврын дагуу хийнэ.
10.7. Хангалтын баримт бичиг. Үүнд:
10.7.1. хангалтын баримт бичигт усан замын тээврийн хэрэгслийн байгууламж, техник тоног төхөөрөмж, хэрэгсэл, систем, механизмын ажиллагааг туршсан болон шалгасан баримт бичиг, зураг төсөл, схем, техникийн нөхцөл, тодорхойлолт, техникийн үзлэг, хяналтын актууд, засварын баримт бичиг орно.
10.7.2. усан замын тээврийн хэрэгсэл дээр байх хангалтын баримт бичгийн иж бүрдлийг хяналтын байгууллага ба эзэмшигч /өмчлөгч/ тогтооно. Хангалтын баримт бичгийг усан замын тээврийн хэрэгсэл дээр хадгалах, ашиглах дэгийг ахмад, механиктай хамтран тогтооно.
10.8. Эрх зүйн хэм хэмжээний баримт бичиг. Үүнд:
10.8.1. эрх зүйн хэм хэмжээний баримт бичигт үндэсний болон олон улсын хэм хэмжээ тогтоосон актууд, усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтыг зохион байгуулах үндсэн зорилго, үүргийг тодорхойлсон захирамжилсан агуулгатай баримт бичиг, хяналтын байгууллагын дүрэм ба гарын авлага, салбарын нормативууд орно.
10.8.2. эрх зүйн хэм хэмжээний иж бүрэн баримт бичгийг усан замын тээврийн хэрэгсэл дээр ахмад, механик хадгална. Усан замын тээврийн хэрэгсэл дээр хадгалагдах эрх зүйн хэм хэмжээний баримт бичгийн жагсаалтыг эзэмшигч /өмчлөгч/ хяналтын байгууллагатай зөвшилцөн тодорхойлно.
10.9. Норм, нормативууд. Үүнд:
10.9.1. норм, нормативыг усан замын тээврийн хэрэгслийн техник тоног төхөөрөмж, хэрэгсэл, систем, механизмийг үйлдвэрлэгч үйлдвэр болон хяналт, шалгалтын байгууллага, эзэмшигч /өмчлөгч/-д тогтооно. Эзэмшигч /өмчлөгч/ нь усан замын тээврийн хэрэгслийг норм, нормативаар хангана.
10.10. Тайлан тооцооны баримт бичгүүд. Үүнд:
10.10.1. усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын талаарх тайлан тооцооны баримт бичгийг хяналт, шалгалтын байгууллага ба эзэмшигч /өмчлөгч/-ийн тогтоосон загвар, тоо хэмжээгээр хөтөлнө.
10.10.2. техник ашиглалтын тайлангийн баримт бичигт усан замын тээврийн хэрэгслийн болон түүний техник тоног төхөөрөмж, хэрэгсэл, систем, механизмийн техник ашиглалтын талаар болон техник ашиглалтын явцад зарцуулсан нөөцийн талаарх мэдээлэл агуулагдана. Тайлагнах дэгийг усан замын тээврийн хэрэгслийн эзэмшигч /өмчлөгч/ тодорхойлно.
10.10.3. техник ашиглалтын анхан шатны тооцооны үндсэн баримт бичигт усан замын тээврийн хэрэгслийн ээлжийн ажиллагааны болон хөдөлгүүрийн тэмдэглэлийн дэвтэр, радио холбооны тэмдэглэлийн дэвтэр, усан замын тээврийн хэрэгслийн техник тоног төхөөрөмж, хэрэгсэл, систем, механизмд техникийн үйлчилгээ хийх төлөвлөгөө – график, материал техникийн хангалт, нөөц эд анги, хэрэгслийн тооцооны дэвтэр зэрэг баримт бичгүүд орно.
10.11. Усан замын тээврийн хэрэгслийн нэмэлт баримт бичиг. Үүнд:
10.11.1. бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээ, акт;
10.11.2. зорчигч тээвэрлэх гэрчилгээ /зорчигч тээврийн усан замын тээврийн хэрэгсэлд/;
10.11.3. нэг удаагийн аялалын гэрчилгээ;
10.11.4. усан замын тээврийн хэрэгслийн төлөвлөгөөт бус үзлэгийн акт;
10.11.5. усан замын тээврийн хэрэгслийн жил бүрийн үзлэгийн акт;
10.11.6. усан замын тээврийн хэрэгслийн ээлжит үзлэгийн акт;
10.11.7. усан замын тээврийн хэрэгслийн их биеийн ээлжит үзлэгийн акт;
10.11.8. усан замын тээврийн хэрэгслийн механизмын ээлжит үзлэгийн акт;
10.11.9. усан замын тээврийн хэрэгслийн цахилгаан тоног төхөөрөмж, хэрэгслийн ээлжит үзлэгийн акт;
10.11.10. хөвөх бүс буюу ангилал тогтоосон үзлэгийн акт;
10.11.11. засварын модон тавцан, налуу гулсуурт байгаа усан замын тээврийн хэрэгслийн үзлэгийн акт;
10.11.12. усан замын тээврийн хэрэгслийн ангилалын үзлэгийн акт;
10.11.13. уурын тогооны гидравликийн туршилтын дотоод үзлэгийн акт;
10.11.14. даралтат хоолойнуудын гидравликийн туршилтын дотоод үзлэгийн акт;
10.11.15. хөргөгч тоног төхөөрөмж, хэрэгсэл, системийн үзлэгийн акт;
10.11.16. өргөгч тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизмын үзлэгийн акт;
10.11.17. усан замын тээврийн хэрэгслийн эд анги, материалын гэрчилгээ;
10.11.18. дизель хөдөлгүүрийн гэрчилгээ;
10.11.19. их засварт орсон дизель хөдөлгүүрийн гэрчилгээ;
10.11.20. усан замын тээврийн хэрэгслийн тэнцвэр, тогтворжилт ба үл живэх чанарын мэдээлэл;
10.11.21. усан замын ачаа тээврийн хэрэгслийг ачаалах, тэнцвэржүүлэх заавар;
10.11.22. усан замын тээврийн хэрэгслийг хангах /цэнэглэх/ заавар;
10.11.23. нефть агуулсан болон ахуйн бохир ус, хог, хадгалан аялах хоногийн тооцоо;
10.11.24. тэнцвэрт байдлаа хадгалах ажиллагааг удирдах, хянах гарын авлага;
10.11.25. нефть агуулсан ба ахуйн бохир усыг гадагш зайлуулах шахуургын системийн болон бусад нээлхийг лацдах схем.
10.12. Бусад баримт бичгүүд. Үүнд:
10.12.1. түгшүүрийн дохиогоор ажиллах хуваарь;
10.12.2. ээлжийн ажиллагааны хуваарь;
10.12.3. багийн гишүүдийн ажиллах дэг баталсан эзэмшигч /өмчлөгч/-ийн тушаал;
10.12.4. цаг уурын төлөв байдал, замын мэдээллийг тэмдэглэсэн тэмдэглэлийн дэвтэр;
10.12.5. радио холбооны тэмдэглэл;
10.12.6. усан замын тээврийн хэрэгслийг ачаалах-буулгах заавар;
10.12.7. радио холбоо ашиглах заавар;
10.12.8. соронзон луужингийн гажилтын өнцгийн хүснэгт;
10.12.9. усан замын тээврийн хэрэгслийн тэнцвэр, тогтвортой байдлын ахмадад зориулсан мэдээлэл;
10.12.10. усан замын тээврийн хэрэгслийн маневрлах элементүүдийн хүснэгт;
10.12.11. радио холбооны дамжуулагч системийн сүүдэрлэгдэх схем.
11. Усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтаас гаргах
11.1. Усан замын тээврийн хэрэгслийн ашиглалтын тогтоосон хугацаа дууссан, эсхүл моралийн болон физик элэгдэлд орсны улмаас түүнийг цаашид ашиглах боломжгүй болсон, эсхүл түүнийг сэргээн засварлах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй бол эзэмшигч /өмчлөгч/ нь усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтаас гаргана. Усан замын тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацааг захиалагч – эзэмшигч /өмчлөгч/-ийн тавьсан нөхцлийг үндэслэн төсөл зохион бүтээх үедээ тодорхойлно.
11.2. Ашиглалтаас гаргахаар төлөвлөж буй усан замын тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/-ийн шийдвэрээр гүйцэтгэж буй ажил, үүргээс нь чөлөөлнө. Эзэмшигч /өмчлөгч/-ийн тушаалаар хяналтын байцаагчийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах ба ажлын хэсэг ашиглалтаас гаргах баримт бичгийг бүрдүүлэх үедээ усан замын тээврийн хэрэгслийн техникийн байдлыг үзэж шалгасан акт үйлдэнэ. Техникийн хяналтын үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргах боломжгүй сураггүй алга болсон, живсэн усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтаас гаргах баримтыг ажлын хэсэг үйлдэнэ.
11.3. Хийж гүйцэтгэсэн үзлэгийг үндэслэн ажлын хэсэг усан замын тээврийн хэрэгслийн техникийн байдлын талаар дүгнэлт гаргаж, усан замын тээврийн хэрэгслийг болон түүний зарим хэсгийг цаашид ашиглаж болох тухай санал гаргана. Ажлын хэсгийн ажлын үр дүнг акт үйлдэж баталгаажуулна.
11.4. Ажлын хэсгийн техникийн актад хяналтын байгууллагын үзлэгийн актыг хавсаргасан байна.
11.5. Дараах үндсэн баримт бичгийг үйлдэж усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтаас гаргана. Үүнд:
11.5.1. хөвж буй болон зогсоолд байгаа усан замын тээврийн хэрэгслийн хувьд ажлын хэсгийн акт, бүртгэлийн баримт бичиг, эзэмшигч /өмчлөгч/-ийн шийдвэр;
11.5.2. живсэн усан замын тээврийн хэрэгслийн хувьд түүнийг дээш нь гаргаж, сэргээн засварлах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй гэдгийг баталсан эзэмшигч /өмчлөгч/-ийн дүгнэлтийг хавсаргасан гүний шумбагчийн акт. Живсэн усан замын тээврийн хэрэгсэл байгаль орчинд хор хохирол учруулахуйц, эсвэл усан замын хөвөлтийн аюулгүй байдалд аюул учруулахаар байвал түүний эзэмшигч /өмчлөгч/ хяналтын байгууллагын шаардлагаар тогтоосон хугацаанд түүнийг уснаас татаж гаргах ба боломжгүй тохиолдолд зайлуулах буюу устгана;
11.5.3. живсэн, сураггүй алга болсон усан замын тээврийн хэрэгслийн хувьд живсэн, сураггүй алга болсныг баталж буй баримт бичиг.
11.6. Усан замын тээврийн хэрэгслийг ашиглалтаас гаргахад шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлсний дараа эзэмшигч /өмчлөгч/ усан замын тээврийн хэрэгслийг задалж ашиглалтаас гаргах тухай шийдвэр гаргах ба энэ нь усан замын тээврийн хэрэгслийг задлах үндэслэл болно. Эзэмшигч /өмчлөгч/-ийн өргөдөл гаргаснаар задалж, ашиглалтаас гаргасан усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна.
12. Усан замын объект, тээврийн хэрэгслийг ашиглалтад шинээр оруулах
12.1. Техникийн бүрэн бүтэн байдлын талаар ажлын хэсгийн акт гаргуулна
12.2. Батлагдсан орон тоогоор ажиллах мэргэжлийн баг бүрдүүлнэ
12.3. Байвал зохих баримт бичгүүдийг /усан замын тээврийн хэрэгслийн техникийн паспорт, хөдөлгүүрийн баримт бичиг г.м./ бүрдүүлнэ.
12.4. Тогтоосон нормын дагуу авч явах сэлбэг, багаж хэрэгсэл, эд хөрөнгө бүрэн байна.
13. Усан замын тээврийн хэрэгслийн хэмжигч тоног төхөөрөмж, хэрэгслийн заалтын гажилт, хазайлтыг хянаж шалгах давтамж
Хэмжигч хэрэгслийн нэр төрөл |
Хяналт шалгалтын хэлбэр |
Хянаж шалгах давтамж |
Уурын тогоод, агаарын даралтат систем, шингэрүүлсэн хийн систем, гал унтраах систем, шингэнт шахуургын систем, жолоодлогын механизм, танкеруудын шингэний түвшинг болон зарцуулалтыг хэмжигч, шилжүүлэн шахагч ба хөвөгч цэнэглэгч станцын шингэний түвшинг болон зарцуулалтыг хэмжигч манометр, мановакуумметр, зөөврийн мегаомметр. |
төрийн |
жилд нэг удаа |
Усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн системд суурилуулсан тоног төхөөрөмж, хэрэгсэл, механизмууд, хөдөлгүүрийн тосолгооны болон хөргөлтийн системүүдэд суурилуулсан манометр, мановакуумметр, пирометр, термометр, тахометр, барометр, анемометр, секундомерүүд. |
салбарын |
хоёр жилд нэг удаа |
Тог хэмжигч, хүчдэл хэмжигч, чадал хэмжигч, давтамж хэмжигч, фаз хэмжигч, синхроноскоп, самбарт мегаомметрүүд. |
салбарын |
гурван жилд нэг удаа |
Хазайлт хэмжигчид |
салбарын |
дөрвөн жилд нэг удаа |
14. Жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалт
14.1. Жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтыг дээр дурдсан том, дунд оврын хөлөг онгоцны нэгэн адил дүрмээр зохицуулна.
14.2. Жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад эзэмшигч /өмчлөгч/ ба жолоодогч нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
14.2.1. усан замын тээврийн хэрэгслийнхээ их бие, механизм, тоног төхөөрөмж, хэрэгслийг бүрэн бүтэн, ашиглалтад бэлэн байлгах, төрөл бүрийн хангамж, хангалтыг тогтоосон хэм хэмжээнд байлгах;
14.2.2. хөвөлтөд гарахын өмнө усан замын тээврийн хэрэгслийн үзлэг, хяналтыг хийх;
14.2.3. хөдөлгүүрийг ашиглалтад бэлтгэх, хөвөлтийн явцад усан замын тээврийн хэрэгсэл, хөдөлгүүрийг үе үе шалгаж, хянаж байх ба гэмтэл, эвдрэл гарсан, эсхүл илрүүлсэн бол нэн даруй засварлах;
14.2.4. тавцан дээр стандартаар тогтоосноос илүү олон хүнийг суулгахгүй байх;
14.2.5. усан замын тээврийн хэрэгсэл, хөдөлгүүрийг удирдахад саад болохооргүй ачаа болон нөөц түлштэй савыг тавцан дээр зөв байрлуулж, бэхлэх;
14.2.6. өөрийн усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн чанар, маневрлах үзүүлэлтийг мэдэж байх.
15. Жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслийн хангамж
15.1. Жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслийн багийн гишүүд болон зорчигчид хүн нэг бүрийн хамгаалалтын хэрэгслүүд буюу аврах цагираг, аврах хантааз, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хүрэм, эсвэл цээживчээр хангагдсан байна.
15.2. Дурдсан аврах хэрэгслүүд нь бат бөх, нэн даруй ашиглахад бэлэн, бүрэн бүтэн, стандартын шаардлагад нийцэж байх ёстой.
15.3. Усан орчинд осол, сүйрэлд орсон үед бага оврын усан замын тээврийн хэрэгсэл дээр багийн гишүүд, зорчигчдын тоогоор зайлшгүй байх ёстой аврах хэрэгслээс гадна урт оосор бүхий нэгээс доошгүй тооны аврах цагираг байна.
15.4. Жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгсэл дээр дараах багаж хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл, материалыг авч явна. Үүнд:
15.4.1. аваарь ослын эд хөрөнгийн иж бүрэн багаж хэрэгсэл;
15.4.2. механик тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн иж бүрдэл;
15.4.3. их биеийг засварлахад шаардагдах материалууд.
15.5. Жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгсэл нэг бүрт анхны тусламж үзүүлэх ариутгасан самбай боолт 3-аас цөөнгүй, иодын уусмал – 1 шил, ус шингээгч хөвөн -100гр болон бусад эмийн зүйлсийг агуулсан эмийн сан заавал байна.
15.6. Жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгсэл нэг бүрт осол аваарийн үед хөдөлгөгч хүч болгох зорилгоор хэрэглэх хоёроос доошгүй сэлүүр байна.
15.7. Жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгслүүдэд чиглэл заагч багаж GPS, компас байна.
15.8. Жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгсэл нэг бүрийг аргамж бэхэлгээний уяа оосор, мөн шидэж өгөх уяа оосороор хангана. Дурдсанаас гадна жижиг, бага оврын усан замын тээврийн хэрэгсэл нэг бүрийг тогтоосон хэм хэмжээгээр хатаагч, гал унтраах, аврах хэрэгслээр хангасан байна.
~oOo~
[1] Усан замын тээврийн тухай хууль, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2017 оны 22 дугаарт нийтлэгдсэн.