МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН ДАЛАЙ, УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН
/2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар/
Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт |
Хэрэгжүүлэх заалт |
Хэрэгжилт
|
2.117. Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлж, дотоодын гол мөрөн нууруудад байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын аюулгүй усан замын тээврийг хөгжүүлнэ.
|
2.117.1. Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, олон улсын стандартад нийцүүлэх |
Хууль, тогтоомжийн тухай хуулийн 12.3.2-т заасны дагуу “Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улс тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр боловсруулахаар тусгайлан үүрэг хүлээсэн” бол хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалын дагуу тооцоо, судалгаа хийх шаардлагагүй, харин ОУДБ-аас Монгол Улсад хийсэн аудитын шалгалтын тайлан болон шалгалтын дүнд өгсөн зөвлөмжийг үндэслэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг шууд батлуулах боломжтой гэж үзсэн. Далайн захиргааны даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын явцын талаар танилцуулгыг бэлтгэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-т хүргүүлсэн. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан бөгөөд Далайн захиргааны дарга, Далбааны эзэн улсын хянан шалгагч болон хууль, тогтоомж, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар яамны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороод ажиллаж байна. Уг ажлын хэсэг төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ба хуулийн төслийн Үзэл баримтлалын төсөл, Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг боловсруулан ХЗДХЯ-нд хүргүүлээд байна. Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд хийж байгаа Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөлөг онгоцны бүртгэлтэй холбоотой заалтуудыг шинээр тусгахаар ажиллаж байна. Хуулийн төсөлд тусгагдаагүй бусад асуудлыг зохицуулах үүднээс “Монголын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журaм”-ыг шинэчлэх шаардлагатай болж байгаа юм. Уг шинэчилсэн журмын төслийг боловсруулан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/265 тоот албан бичгээр ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-т хүргүүлээд байна. Хуулийн төсөл УИХ-аар батлагдсаны дараа уг шинэчилсэн журмын төслийг эцэслэн боловсруулахаар ажиллаж байна. Дээрх хуулийн төслийг 2019 онд батлуулахаар төлөвлөж байгаа ба уг төслийг УИХ, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхэд Далайн захиргаа мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу “Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын, гэрээ конвенцыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг”-г батлуулсан. Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газартай зөвшилцөж нэгдсэн ойлголтод хүрсэний үр дүнд ОУДБ-ын “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай” 1978 оны конвенцын холбогдох заалтын дагуу Монгол Улс тус конвенцид 2012 онд нэгдэж орсон гэж ойлгож болох тул уг конвенцын 2010 оны нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орох тухай асуудлыг УИХ, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу уг конвенцын нэмэлт, өөрчлөлтийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлүүлснээр хүчин төгөлдөрт тооцон, мөрдөх боломжтой гэж үзэн уг нэмэлт өөрчлөлтийн орчуулгыг нийтлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд конвенцын 2010 оны нэмэлт, өөрчлөлтийн орчуулгыг Гадаад харилцааны яамаар хянуулж, баталгаажуулахаар хүргүүлээд байна. Харин ЗХТЯ-наас уг нэмэлт өөрчлөлтийн орчуулгыг ГХЯ-аар хянуулахаас өмнө ХЗДХЯ-нд хянуулахаар хүргүүлээд байна. Монголын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд олгогдож буй гэрчилгээний загварыг энэхүү конвенцын нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэн боловсруулан ЗТХЯ-нд хүргүүлсэн. ЗТХЯ-наас уг гэрчилгээний загварыг батлах асуудлыг ОУДБ-ын “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай” 1978 оны конвенцын 2010 оны Манилагийн нэмэлт, өөрчлөлтийг нийтлүүлсний дараагаар шийдвэрлэхээр чиглэл өгөөд байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” 2006 оны конвенцын 2014 оны нэмэлт өөрчлөлтөд Монгол Улс нэгдэн орох бэлтгэл ажлын хүрээнд Далайн захиргаанаас орчуулсан конвенцын орчуулгыг Гадаад харилцааны яам хянаж баталгаажуулаад байна. ЗТХЯ-наас өгсөн чиглэлийн дагуу уг конвенцын 2014 оны нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улс нэгдэж орох тухай хуулийн төсөл болон хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулж ЗТХЯ-нд хүргүүлээд байна. Уг хуулийн төсөл болон хуулийн үзэл баримтлалын төслийг хянуулахаар ЗТХЯ-наас ГХЯ-нд хүргүүлсэн бөгөөд үүний дараа ХЗДХЯ-нд хүргүүлэх юм. “Далайн хөдөлмөрийн тухай” 2006 оны конвенцын 2014 оны нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улс нэгдэж орох тухай хуулийн төслийг УИХ-ын 2019 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Далайн захиргаа нь уг хуулийн төслийг УИХ, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхэд мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, дэмжлэг үзүүлэн ажиллана.
|
2.117.2. Далбааны эзэн улсын үүрэг хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, Монголын хөлөг онгоцны бүртгэлийн чанарыг сайжруулах, өргөжүүлэх |
Далбааны эзэн улсын үүрэг, хариуцлагын тогтолцоог үе шаттайгаар боловсронгуй болгох ажлыг Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор баталсан “ОУДБ-ын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ажиллаж байна. БНХАУ-ын Далайн аюулгүй байдлын захиргаатай хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг Хятадын талд тавьж Санамж бичгийн төслийг тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг судалсны үндсэн дээр боловсруулан хүргүүлсэн. Ийнхүү уг Санамж бичгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулаад байна. ОУДБ-ын аудитын шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд “Далбааны улсын хяналтын байцаагчийн үзлэг шалгалт явуулах журам” “Далбааны улсын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх хяналтын байцаагчийн ажлын хувцас, үнэмлэх, тэмдэгний загвар, техник хэрэгсэл, тэдгээрийг хэрэглэх дүрэм”-ыг тус тус боловсруулан байгууллагын даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 46 тоот тушаалаар батлуулаад байна. Эдгээр журмуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ОУДБ-аас зохион байгуулсан бүс нутгийн аюулгүй ажиллагааны сургалт семинарт Далбааны улсын 2 хянан шалгагч хамрагдан мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн болно.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийг Улаанбаатар боомтод төвлөрүүлэх арга хэмжээний хүрээнд хөлөг онгоцны бүртгэлийн, дуудлагын болон радио холбооны дугааруудыг Далайн захиргаанаас олгож байна. Бүртгэгдсэн хөлөг онгоцны материалыг Далайн захиргааны мэдээллийн санд хадгалж байна. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдэх хөлөг онгоцуудад техникийн үзлэг шалгалт, оношлогоог хийх үүрэг бүхий 15 гаруй Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагатай хамтран ажиллаж байна.
“Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд зуучлах үүрэг бүхий агентыг сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулсан бөгөөд журмыг Далайн захиргааны даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 47 тоот тушаалаар баталсан. Журам батлагдсантай холбогдуулан Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд зуучлах үүрэг бүхий Бүгд Найрамдах Солонгос Улсын агентыг сонгох шалгаруулалтыг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын цахим хуудсаар дамжуулан зарласан. Далайн захиргааны даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар тушаалаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд зуучлах үүрэг бүхий БНСУ-ын агентыг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг дүгнэж шалгарсан компанид Далайн захиргаатай гэрээ байгуулах эрх олгосон. Энэхүү компанитай байгуулах гэрээний нөхцөлүүдээ талууд харилцан тохиролцоод байна. Түүнчлэн Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд зуучлах үүрэг бүхий БНСВУ-ын агентыг сонгох сонгон шалгаруулалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгууллагын цахим хуудсаар дамжуулан зарласан. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтанд ирүүлсэн баримт, материалуудыг хянаж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор шалгаруулалтын дүн гарах юм. |
|
|
2.117.3. Байгаль орчинд ээлтэй усан замын тээврийг хөгжүүлэхэд анхаарч төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэд хоорондын уялдаа холбоог сайжруулах эрх зүйн орчныг сайжруулах |
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан энэхүү зорилтын хүрээнд “Усан замын тээврийн тухай” хуулийг 2018 онд батлахаар төлөвлөсөн боловч Монгол Улсын Засгийн газраас уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хамт 2017 онд УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан. “Усан замын тээврийн тухай” хууль /шинэчилсэн найруулга/ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг аймаг, орон нутагтаа зохион байгуулан ажиллах талаар Далайн захиргаанаас гол мөрөн, нуур бүхий аймгуудын Засаг дарга нарт холбогдох албан тоотыг хүргүүлсэн. “Усан замын тээврийн тухай” шинэчилсэн хууль болон шинээр баталсан дүрэм, журмыг сурталчлан таниулах зорилгоор Далайн захиргаанаас төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг оролцуулсан “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сургалт, семинарыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулсан. Уг семинарт гол, мөрөн, нуур бүхий аймгуудын байгаль хамгаалагчдыг хамруулж, тэднийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулав. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд усан замын тээврийн салбарын захиргааны хэм хэмжээний актууд болон стандартыг шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд бусад орны хууль, тогтоомжийг судалж, төслийг боловсруулж байна. “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмыг шинэчлэн боловсруулсан бөгөөд уг журам Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 119 дүгээр тушаалаар батлагдаж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 3957 дугаарт бүртгэгдсэн байна. Энэхүү журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулснаас гадна хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх, сургалтын хөтөлбөр батлах” журмын төслийг танилцуулга, нөлөөллийн шинжилгээний хамт боловсруулж, ЗТХЯ-нд 2018 оны 07 дугаар сарын 03-ны 1/168 тоот албан бичгээр хүргүүлсэн. “Усан замын тээврийн тухай” хуулинд уг журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай хамтран батлахаар заасан. Үүний дагуу дээрх журмын төслийг боловсруулах хамтарсан ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 11 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаар тушаалаар байгуулаад байна. ЗТХЯ-наас боловсруулсан “Усан замын тээврийн хэрэгсэл, объектын техник ашиглалтын дүрэм”-ын төсөлд санал боловсруулан хүргүүлсэн. Одоогоор уг дүрэм батлагдаагүй байна. “Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектод гэрчилгээ олгох журам”-ын төслийг боловсруулаад байгаа бөгөөд журмын төслийн танилцуулга, нөлөөллийг шинжилгээг хийж, ЗТХЯ-нд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1/286 тоот албан бичгээр хүргүүлээд байна. |
2.117.4. Хөвсгөл нуурт усан замын төв зогсоол, дэд бүтцийг хөгжүүлэх аюулгүй байгаль орчинд ээлтэй усан замын тээврийн үйл ажиллагааг сайжруулах |
Хөвсгөл усан замын төв зогсоол, дэд бүтцийг хөгжүүлж, аюулгүй, байгаль орчинд ээлтэй усан замын тээврийн үйл ажиллагааг сайжруулах зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт усан замын төв зогсоол барих хөрөнгийн эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээс бий болгох, гадаадын зээл тусламжийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. ЗТХЯ-ны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтэстэй хамтран ажлын даалгаврын төслийг боловсруулсан бөгөөд уг ажлын даалгаврын төсөлд Барилга, хот байгуулалтын яам болон БОАЖЯ-наас санал авах зэрэг ажлыг ЗТХЯ-тай хамтран зохион байгуулсан. Дээрх бүтээн байгуулалтын ажлын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах үнийн саналыг 3 аж ахуйн нэгжээс авах ажлыг зохион байгуулж, үнийн саналыг ЗТХЯ-ны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтэст цахим шуудангаар хүргүүлсэн. “Усан замын төв буудал”-ын зураг төсөл, урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх талаарх саналаа ЗТХЯ-аар дамжуулан холбогдох байгууллагуудад уламжилсан болно. Түүнчлэн ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх саналтай байгаа талаар холбогдох албан бичгийг ЗТХЯ-нд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас улс, орны эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан концессын гэрээгээр аливаа ажил, үйлчилгээ гүйцэтгэх асуудлыг 2018 он хүртэл түр зогсоосон. Усан замын төв буудлын зураг, төслийг боловсруулах, барих, өмчлөх, ашиглах концесс эзэмшигчийг сонгох уралдаант шалгаруулалт явуулж өгөхийг хүссэн албан бичгийг холбогдох баримт материалын хамт ЗТХЯ-наас 2017 оны 12 дугаар сард Үндэсний хөгжлийн газарт хүргүүлсэн байна. Үндэсний хөгжлийн газраас дээрх концесс эзэмшигчийг сонгох уралдаант шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, зарлах, төслийн санал үнэлэх, концессын гэрээний хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж байгаа талаар манай байгууллагад албан бичгээр мэдэгдсэн. Уг албан бичгийн дагуу Ажлын хэсэгт орж ажиллах албан тушаалтны нэрийг холбогдох мэдээллийн хамт 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Үндэсний хөгжлийн газарт хүргүүлсэн. Уг Ажлын хэсэг Үндэсний хөгжлийн төв дээр өнөөг хүртэл байгуулагдаагүй байна. Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг байгуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газар 2016 онд 37 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоол хэрэгжиж эхэлснээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний энэхүү заалтад тусгагдсан “Усан замын төв буудал”-ын барилгыг концессын гэрээгээр барих ажил хэрэгжихэд хөрөнгийн асуудал нь одоог хүртэл хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байгаа учир хэрэгжих боломжгүй байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнөөс “Усан замын төв буудал” барих асуудлын хэрэгжих хугацааг сунгах өөрчлөлт оруулах саналаа 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 1/263 тоот албан бичгээр ЗТХЯ-нд хүргүүлээд байна. |
ДАЛАЙН ЗАХИРГАА