Зам, тээврийн хөгжлийн сайдын Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн гамшгаас хамгаалах зам, тээврийн улсын албаны удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах штабын дадлага, сургуулилтыг ОБЕГ-аас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр УБТЗ-ын Зүтгүүрийн Депогийн байранд зохион байгуулсан.
ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар дадлага, сургуулилтанд оролцогчдод амжилт хүсч, сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэв.
Онцгой байдлын ерөнхий газраас зам, тээврийн улсын албаны удирдлагуудыг оролцуулан зохион байгуулсан “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн гамшгаас хамгаалах зам, тээврийн улсын албаны удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургуулитанд зам, тээврийн улсын алба, мэргэжлийн ангийн нийт 50 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдсан.
Уг дадлага, сургуулилтанд Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн нар оролцсон юм.
Сургуулилтын үеэр гамшгаас хамгаалах зам, тээврийн улсын алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, Онцгой байдлын албаны шинэчлэл, гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх танхимын сургалтаас гадна улсын албаны бие бүрэлдэхүүн, шуурхай штабын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын хор уршгийг шуурхай арилгахад чиглэсэн ажиллагааг зохион байгуулах, цагийн байдлын дагуу ажиллах дадлага, сургуулилтыг хийж гүйцэтгэв.