Далайн захиргааны дарга С.Түвшинтөр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Далайн захиргааны удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцох, далайн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах зорилгоор БНСВУ-ын Ханой хотноо 2018 оны 08 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын эхний өдөр Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир хүлээж авсны дагуу албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, далайн салбарын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар харилцан санал солилцов.
БНСВУ-ын Далайн захиргаа болон Монгол Улсын Далайн захиргаа хооронд Далайн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр БНСВУ-ын Далайн захиргааны хурлын танхимд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ёслолын ажиллагаанд БНСВУ-ын талаас тус улсын Далайн захиргааны орлогч захирагч ноён Буй Тиэн Туй тэргүүтэй төлөөлөгчид байлцав. Талууд Санамж бичиг байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хөлөг онгоц бүртгэл, далайн тээвэр, боомт ашиглалт, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолж байсан юм
Түүнчлэн хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиох 2019 он гэхэд бодит ажлуудыг хэрэгжүүлсэн байх зорилтыг тавьсан бөгөөд Монголын талын санал, хүсэлтүүдийг бүрэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.