Далайн тээвэр болон боомтын аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэд бүс нутгийн ОУДБ-ын сургалтад оролцлоо

     Олон Улсын Далайн Байгууллагаас /ОУДБ/ Ази тивийн бүс нутгийн хэмжээнд далайн тээвэр болон боомтын аюулгүй байдлыг хангах тухай сургалтыг 2018 оны 7 дугаар сарын 23-27 өдрүүдэд БНХАУ-ын Нингбо хотод зохион байгууллаа. Энэхүү сургалтад тус бүс нутгийн 16 орныг төлөөлөн нийт 50 орчим төлөөлөгч оролцсоноос Монгол Улсын Далайн захиргаанаас Далбааны улсын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Г.Золбоо, Б.Алтан-Од нар амжилттай оролцлоо.

 

    Тус сургалтын гол зорилго, агуулга нь ОУДБ-аас батлан гаргасан аюулгүй ажиллагааны тухай конвенци, түүнээс дагалдан гарсан эрх зүйн актуудын шаардлагуудыг хэрхэн мөрдөж ажиллах, хэрэгжүүлэхэд чиглэсэн юм. Мөн сургалтаар сүүлийн жилүүдэд гарах болсон олон улсын террорист ажиллагаа, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон энэ талаар мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх сургалт, дадлага явуулах зааварчилгааг танилцууллаа.

 

    ОУДБ-ын Ауюлгүй ажиллагаа болон хүний хүчин зүйлийн хэлтсийн техникийн ажилтан, Далайн тээврийн аюулгүй ажиллагааны хэлтсийн ажилтан мөн ОУДБ-ын зөвлөхүүдийн бүрлдэхүүнтэй баг сургалтыг зохион байгуулж явуулсан нь энэхүү сургалтын бас нэгэн онцлох үйл явдал байв.

 

    Сургалтын явцад тус хотод байрлах, “Zhoushan Port Group Co.,Ltd” компанийн чингэлэг тээврийн боомттой танилцлаа. БНХАУ-ын Нингбо хотын энэхүү боомт нь 7000 жилийн түүхтэй эртний боомт хот бөгөөд одоо чингэлэг тээврийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ба дэлхийд 3-т эрэмблэгдсэн чингэлэг тээврээр төрөлжсөн томоохон боомт юм. Тус боомт нь 22.5 метрийн усны гүнтэй, нийт 300,000 тонны даац бүхий хөлөг онгоц чөлөөтэй нэвтрэх боломжтой, жилд 400,000 TEU чингэлэг хүлээн авч байгаа бөгөөд сүүлийн 9 жил дараалан дэлхийд үзүүлэлтээрээ тэргүүлж байна.

 

    Түүнчлэн сургалт явагдах хугацаанд “Хөлөг онгоц, боомт болон хүн хоорондын холбоо” сэдэвт нэг өдрийн семинар зохион байгуулагдаж шинэ үеийн боомтын хөгжил, чиг хандлага болон хөлөг онгоцны автоматжуулсан удирдлагыг хэрэгжүүлэх талаар сонирхолтой илтгэлүүдийг БНХАУ-ын бусад боомтуудын төлөөлөгчид танилцуулсан зэргээр сургалтын үйл ажиллагаа амжилттай явагдаж өндөрлөлөө.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ