БНХАУ-тай далайн тээврийн салбарт хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ.

 

Айлчлалын эхний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд далайн тээврийн салбарын асуудлаар албан ёсны хэлэлцээ хийсэн нь хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан явдал боллоо.

 

Сайд нарын уулзалтын үеэр Монгол Улсын Далайн захиргаа, БНХАУ-ын Далайн аюулгүй байдлын захиргааны хооронд туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү Монгол Улсын үндэсний далайн тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд далайн тээврийн салбарт тэргүүлэгч улс болох БНХАУ-тай тус салбарт идэвхитэй хамтран ажиллахаар болж байна.


БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс Олон улсын Далайн байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүний сонгуульд Монгол Улс БНХАУ-ыг дэмжсэн явдалд талархалаа илэрхийлж Монголын талын санал, хүсэлтүүдийг бүрэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.


БНХАУ-ын Тээврийн яамны харъяа Далайн аюулгүй байдлын захиргаа нь Монгол Улсын Далайн захиргааны үйл ажиллагааны чиг үүрэгтэй ижил төстэй байгууллага бөгөөд Олон улсын Далайн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хэрэгжилт, зайлшгүй биелүүлэх эрх зүйн актуудыг үндэсний бодлого, хууль, дүрмүүд болон стандартуудад тусган боловсруулж, хэрэгжилтийг хангуулах гол үүрэгтэй юм.  


Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ