"Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын талаарх уулзалт ярилцлага зохион байгуулаа.
"Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд аялал жуулчлал болон зорчигч тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй усан замын тээвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, завьчдыг оролцуулсан уулзалт ярилцлагыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Уг уулзалт ярилцлагын үеэр “Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгад шинээр тусгагдсан зарчмын өөрчлөлтүүдээс тээвэрлэгчийн үүрэг, хориглох зүйл, заалт болон түүнийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээ, мөн даатгалын хувь хэмжээ, усан замын зогсоолын өмчлөлийн асуудлыг хэрхэн зохицуулах, усан тээврийн хэрэгслийн алслалтын бүс, хязгаарыг хэрхэн тогтоох зэрэг зохицуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
“Усан замын тээврийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгад орсон зарчмын өөрчлөлтүүдийн талаарх оролцогчдын сонирхсон асуултад тодорхой хариулт өгч, харилцан санал солилцсон энэхүү уулзалт нь цаг үеэ олсон ач холбогдол бүхий арга хэмжээ болов. Уулзалтад нийт 70 орчин иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, завь жолоодогчид оролцсон болно.