Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны тавдугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.

Байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг төслүүдэд нэг бүрчлэн тусгасан. Хуулийн төслүүдийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томъёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг хийсэн гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн танилцуулгадаа онцоллоо. Эдийн засгийн байнгын хорооны уг хуулийн төслүүдийг батлахыг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Сүхбат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд, Усан замын тээвэрлэлтээс болоод иргэдийн амь нас хохирч байна. Үүнээс урьдчилан сэргийлэх талаар зохицуулалтыг хуульд хэрхэн тусгасныг илүүтэй тодруулав. Ажлын хэсгийнхэн хариултдаа, “Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөвөлт хийх улирлын нээх, хаах хугацааг хуулиар зохицуулж өгсөн. Мөн энэ чиглэлээр ажиллах байцаагчийн тоог нэмэх, хөвөлтөд гарах нэгж нь цаг агаарын мэдээллийг урьдчилж авах үүрэг хүлээлгэсэн. Мөн гол, мөрөн, нууртай нутгийн захиргааны удирдлага нь хөвөлтийн улиралд Онцгой байдлын нэгж болон Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газартай хамтран байнгын бус ажиллагаатай аврах багийг ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн” гэдгийг онцлов.

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи батлах нь зүйтэй гэж үзлээ.

Эх сурвалж: http://unuudur.mn/article/97021

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ