Монгол орны гол, мөрөн, нуурын усанд осолдож амь насаа алдсан иргэдийн тоо сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа бөгөөд эцэг эх, харгалзан дэмжигчийн хараа хяналт сул байснаас шалтгаалан бага насны хүүхдүүд амь насаа алдсан тохиолдол нэлээдгүй байгаа талаар холбогдох байгууллагаас гаргасан судалгаанд тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа, холбоо, хамтын ажиллагааг дээшлүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа 2015 онд ОБЕГ-тай дотоодын усан замын тээврийн аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах, иргэдэд аврах хэрэгслийн ач холбогдлыг таниулах чиглэлээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан юм.
Хөвсгөл нууранд үйл ажиллагаа явуулж буй усан замын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дадлыг төлөвшүүлэх, практикт хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг Хөвсгөл аймгийн “Улаан загалмайн хороо”-той байгуулсан дээрх Санамж бичгийн хүрээнд зохион байгуулахаар 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө мөн тусгаад байна.