“Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Усан замын тээврийн тухай шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.

Усан замын тээврийн хэрэгслээр аялал жуулчлалд хамрагдах гадаад дотоодын иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хирээр усанд хүний амь нас осолдох, бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал, 2014 онд 84, 2015 онд 94 хүн, 2016 онд 91 хүн нас барснаас харахад өнөөгийн усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, хяналт хийх хүний нөөц, техникийн болон хөрөнгийн нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой юм. Усан замын тээврийн тухай 2003 онд батлагдсан хуулиар усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавих хяналтыг улсын мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч хэрэгжүүлэхээр зохицуулсан ба одоогийн байдлаар тус байгууллагад зөвхөн нэг байцаагч орон тоогоор ажиллаж байна. Иймд усан замын тээврийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх хүн хүчний тоог нэмэгдүүлэх, гол, мөрөн, нуурын эрэгт усан замын эргийн хамгаалалтын нэгж байгуулах, орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг нэмэлт, өөрчлөлтийг Усан замын тээврийн тухай хуульд болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зайлшгүй оруулах шаардлагатай байна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэллээ. Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ