Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны Дотоодын усан замын тээвэр хариуцсан мэргэжилтэн Г.Золбоогоос усан замын тээвэр түүний аюулгүй ажиллагаа, аврах хантаазны талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед дотоодын болон гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэх болсон. Үүнийг дагаад Хөвсгөл далайд аялах жуулчдын тоо ч нэмэгдсэн байх?
-Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг болон Хатгал тосгонтой 900 км хатуу хучилттай авто замаар шууд холбогдсон байгаа. Үүнтэй холбоотойгоор дотоод, гадаадын жуулчид маань автомашинаар 12-15 цаг давхиад Хөвсгөл нуурын эрэгт хүрч амарч байна.
Би яг нарийн тоог нь мэдэхгүй байна. Гэхдээ албан бус тоогоор өнгөрсөн жил дотоодын 56 мянга гаруй жуулчин, гадаадын 4500 гаруй жуулчид Хөвсгөл нууранд амарсан бол энэ жил дотоодын 37 мянга гаруй, гадаадын 2700 гаруй жуулчин ирсэн байна.
-Өнгөрсөн сард усан замын тээвэрт их ноцтой осол гарч, таван хүн амиа алдлаа. Ер нь Хөвсгөл нууранд гарч байгаа анхны осол биш шүү дээ. Өмнө нь хэчнээн хүн амиа алдаж байсан бэ?
-Хөвсгөл нууранд гарч буй усан замын тээврийн хэрэгсэлтэй холбоотой хүний амь эндсэн анхны осол биш, түүнчлэн санамсаргүй байдлаар болон санаатай усанд унаж амиа алдсан тохиолдол ч мөн бий.
Усан замын тээврийн хэрэгслээр аялж яваад осолдсон ихэнх тохиолдлыг үзэхэд зорчигчдын хайхрамжгүй байдал болон усан замын тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоодогчийн хариуцлагатай шууд холбоотой байдаг.
Завь жолоодогч маань зорчигчдод шаардлага тавихгүй, аврах хантааз өмсүүлээгүйгээс, түүнчлэн зорчигчид аврах хантаазыг зөв өмсөж хэрэглээгүйгээс, завь жолоодогчийн шаардлагыг биелүүлэхгүй завь катер хөдөлгөөнд орсон үед босч зогсон зураг авахуулах, бичлэг хийх зэргээс болж осол гарах тохиолдол бий.
Хэдэн хүн нас барсан бэ гэдэг яг нарийн тоог сайн мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага эсвэл ОБЕГ-аас нарийн тоог авч болох байх.
-Усан замын тээвэр яалт ч үгүй бидний анхаарал хандуулах ёстой салбар болжээ. Энэ тээврийг сонирхож, үйлчлүүлэх хүмүүсийн тоо ч нэмэгдэж. Мөн усан замын тээврээр бизнес эрхэлж байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр аврагч хантааз ямар үүрэгтэй юм бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Аврах хантаазны төрөл, ангилал, зориулалт бүр өөр. Нийт дөрвөн төрлийн аврах хэрэгсэл бий. Зөвхөн зорчигчдод зориулсан аврах хантааз, усан спортоор хичээллэдэг хүнд зориулсан, загас барих загасчлах дуртай хүмүүст зориулсан хантааз байдаг.
Зорчигчдод зориулсан аврах хантааз бол маш олон давуу талтай. Тухайлбал, тухайн зорчигч сэлж чаддаг ч бай, үгүй ч бай ямар нэгэн байдлаар завь катераасаа унаж, толгойгоо цохин ухаан алдахад тухайн зорчигчийг усанд унахад 2-3 секундын дотор толгойг нь дээш гаргаж ирэх үүрэгтэй.
Ямар ч тохиолдолд ус залгиулдаггүй. Хөлөг онгоцны багийн гишүүд болон усан спортоор хичээллэгч тамирчдын өмсдөг хантааз нь тухайн хүний хөдөлгөөнд саад учруулдаггүй. Харин сэлэхэд дэмжлэг үзүүлдэг. Зорчигчийн аврах хантааз мэдээж тухайн хүнийг аврах үүрэгтэй гэж ойлгож болно.
-Одоогийн хэрэглэж байгаа аврах хантааз стандарт хангаж чадаж байна уу?
-Манай улсад олон төрөл, загварын хантааз борлуулагдаж байна. Зарим хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгчид өөрсдөө захиалж авч байгаа. Гэхдээ зарим хантааз нь ямар үйлдвэрийнх нь мэдэгдэхгүй, лого тэмдэг тэмдэглэгээ байхгүй эсвэл өөрсдөө оёулсан гэмээр байдаг л даа.
Мөн загасчдад зориулсан олон төрлийн халаастай хантааз бий. Манайд хэрэглэгдэж байгаа ихэнх хантааз шаардлага хангахгүй байна. Шаардлага хангаж байгаа хантааз бий. Шаардлага хангаж буй аврах хантааз нь ISO болон SOLAS конвенци мөн Level-100, Level -50 гэсэн тэмдэглэгээтэй. Мөн тухайн аврах хантаазны даацын тэмдэглэгээ болон өмсөх зааврыг тэмдэглэсэн байдаг.
-Аврах хантаазны стандарт ямар байдаг юм бэ?
-Олон улсын стандарт ISO 12402 аврах хантаазны багц стандарт байна. Энэхүү багц стандартын дөрөв дэх хэсэг болох зорчигчдод зориулсан аврах хантааз буюу 12402-4-ийг 2014 онд Үндэсний стандарт болгон батлуулсан.
-Завьчид болон жуулчид завин дээр гарахдаа ихэвчлэн ямар зөрчил гаргадаг вэ?
-Завь жолоодож буй жолоодогчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Мэдээж жолоодогч аль болох тав тухтай аялуулахыг хичээж байгаа. Мөн таны амь насыг хариуцаж яваа хүн болохоор аливаа ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч зорчигчдод шаардлага тавих үүрэгтэй.
Иргэд ихэвчлэн шаардлага биелүүлэхгүй босч зогсох, үсэрч дэвхцэх, нэг тал руугаа шахаж завины тэнцвэрт байдлыг алдагдуулах, нэг тал руугаа тонгойж гараараа ус хутгах, архидан согтуурах гэх мэтчилэн зөрчлүүд гаргаж байгаа нь их ажиглагддаг.
-Завьчдад зориулсан сургалт зохион байгуулагддаг уу?
-Бусад хөгжингүй орнуудад өдөрт 2-4 цагаар 5-7 хоногийн хугацаатай онол дадлагын хичээл ордог. Онлайнаар шалгалт тест өгөөд ч үнэмлэхээ авч усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болдог юм билээ.
Манайд жил бүрийн зургаагаас долоодугаар сард хоёр хоног Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагддаг. Багш сурган хүмүүжүүлэгч болон материаллаг бааз, дадлага хийх газар нутаг, техникээс хамаараад тэр бүр байнгын зохион байгуулж чаддаггүй. Жилд нэг удаа л сургалт явагддаг.
-Хариуцлагагүй байдлаас болж хүний амь эрсэдмээргүй байна. Үүнийг зохицуулахын тулд нэгдсэн журмаар ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Хууль, дүрэм, журмын тавигдах шаардлагыг өндөр болгох хууль, дүрэм журмын хэрэгжилтэд анхаарч завь катерын үзлэг шалгалтыг олон болгох хэрэгтэй. Завьт эргүүлийг ихэсгэх, хяналт, шаардлага тавьж буй байгууллагуудын хүн хүч, техникийн асуудлыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Бусад гол, мөрөнд нууранд хяналтын баг бүрэлдэхүүн хүн хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй усан замын тээврийг бий болгох Хөвсгөл нууранд ЭКО усан замын вокзал барьж байгуулах, эко усан замын тээврийн хэрэгслийг шинээр нэвтрүүлэх, Монгол Улсад шинээр орж ирж буй бага оврын завь катерт техникийн хяналт тавих үндэсний стандарт боловсруулах хэрэгтэй.
Н.БАТЗАЯА, МОНГОЛЫН МЭДЭЭ
2016 ОНЫ 9 САРЫН 12
http://www.ikon.mn/n/ts9