ОБЕГ-тай хамтран сурагчдад зориулсан өдөрлөгийг зохион байгууллаа.

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаас Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсан 100 хоногийн хугацаанд зам, тээврийн салбарын хэмжээнд бодитой хийж, хэрэгжүүлсэн ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулж, ажиллахыг үүрэг болгосон. Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэх ажлын баталсан төлөвлөгөөний дагуу салбарын үйл ажиллагааг сурталчлах, дотоодын усан замын тээврийн салбар дахь болзошгүй осол эндэгдэл, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүүхэд, залууст сурталчлан таниулах зорилго бүхий өдөрлөгийг ОБЕГ-тай хамтран 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургууль дээр зохион байгууллаа.

Далайн захиргаа нь усан замын тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, эндэгдлийг бууруулах, хүний амь нас, эрүүл мэнд эрсдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн ажилладаг байгууллагын хувьд гол, мөрөн, нуурын эрэг дагуу хамгийн ойр байршилтай дүүрэг, хорооны айл өрхийн хүүхдүүд хамрагддаг ерөнхий боловсролын сургуулийг сонгон авч, сурагчдад зориулан сургалт, өдөрлөгийг зохион байгуулахаар бид шийдвэрлэсэн юм. Өдөрлөгийн арга хэмжээг нээж Далайн захиргааны Орлогч дарга Г.Цогоо, тус сургуулийн хичээлийн эрхлэгч Н.Бямбацогт нар үг хэлснээр эхэлсэн бөгөөд дотоодын усан замын тээврийн салбарын түүх, хууль тогтоомжийн эмхтгэл бүхий ном, гарын авлагыг сургуулийн удирдлагад гардуулан өгсөн. Далайн захиргаанаас байгууллагын үйл ажиллагааг болон ОУДБ-ын “Хүйтэн усанд унасан тохиолдолд ам насаа аврах зааварчилгаа”-г анх удаа сурагчдад танилцууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд тус сургуулийн нийт 200 орчим сурагчид хамрагдсанаас гадна багш, ажилчид мөн идэвхтэй оролцсон. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн усчин аврагчдын баг бүрэлдэхүүн усанд осолдож, амьд гарсан хүнд үзүүлэх анхны тусламжийг хэрхэн хийх талаарх сургалтыг удирдан явуулсан ба усанд шумбалтын хувцас хэрэглэл, багаж техникийг үзүүлэнгийн зориуллатаар дэлгэн үзүүлсэн юм.
Хүрээлэн буй орчин, газарзүй болон далай, усан замын тээврийн салбартай холбоотой сэдвээр асуулт, хариултын тэмцээн, сургуулийн захиргаатай хамтран дунд ангийн сурагчдын дунд зарласан “Би завиар аялахдаа” зургийн уралдааныг шалгаруулж, идэвх санаачлагатай оролцсон сурагчдыг Далайн захиргааны талархлын бичиг, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ