Далайн захиргааны дарга мэргэжилтнүүдийн хамт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллаа
Хэлэлцүүлэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн албаны байранд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болсон бөгөөд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар болон Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад томилогдон ажиллаж буй Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах ажлын хэсэг, аймаг, орон нутгийн удирдлага, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл хэлэлцүүлгийн үйл ажиллагааг сурвалжлахаар хүрэлцэн ирсэн юм.
Ажлын хэсэг орон нутгийн удирдлагатай уулзахаас гадна Хөвсгөл нууранд усан замын тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох, хөвөлтийг 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгах тухай Хатгал тосгоны захирагчийн 2016 оны А-38 тоот захирамжийн дагуу авч хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд мэдэгдэх хуудсыг хүргүүлэх, биелэлтийг ирүүлэхийг ЗТХЯ-ны мэргэжилтэн, усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Б.Нэргүйд үүрэг болгосон.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд дахь Далайн захиргааны "Хяналтын пост"-ын бүрэн бүтэн байдлыг шалгаж, усан замын хяналтын катерыг өвлийн зогсоолд байршуулах ажлыг зохион байгуулсан.
Хөвсгөл нуурын эрэг дагуу нэгдсэн байдлаар ашиглагдаж байгаа цорын ганц завины зогсоолын нөхцөл байдлыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар болон аймгийн удирдлагад газар дээр танилцуулах зорилгоор “Сүхбаатар” хөлөг онгоцны зогсоол дээр уулзалтыг томилолтын сүүлийн өдөр буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн. Тус уулзалтаар тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд шинээр барихаар төлөвлөж байгаа завины нэгдсэн зогсоол, эко вокзалыг богино хугацаанд барьж ашиглалтанд оруулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг яаралтай тодруулж ирүүлэх юм бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын зүгээс өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэхэд дэмжихээ илэрхийлсэн юм.