БНСУ-ын “Далайн тээвэр загас ан агнуурын институт”-тэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2013 оны 03 дугаар сард тус сургуульд нийт 10 оюутанг хөлөг онгоцны хөдөлгүүрийн инженер болон удирдлага жолоодлогын чиглэлээр элсүүлэн сургасан билээ. Эдгээр оюутнуудаас 4 оюутан тус институтийг амжилттай дүүргэж, тухайн мэргэжлээрээ ажиллаж байна. Эдгээр оюутнуудаас хөдөлгүүрийн инженер мэргэжлийг эзэмшсэн Э.Энхбаяр өөрийн хүсэлтээр их далайд гарч ажиллах гэж байна.
Анхны бэлтгэгдсэн далайчдыг Чингис хаан олон улсын нисэх буудлаас үдэж өгөх арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн яамны болон Далайн захиргааны холбогдох албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл байлцлаа. Эдгээр далайчид албан ёсоор хөлөг онгоцон дээр ажилласнаар цаашдын Монголын далайчдын их далайд ажиллах үүд хаалга нээгдэж байна гэж ойлгож болно. БНСУ-тай далайн тээврийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд “Далайн тээвэр, загас агнуурын институт”-д жил бүр тогтмол Монгол оюутнуудыг сургахаар болсон бөгөөд 2017 оны 3 дугаар сараас шинээр нэмж 4 оюутан элсэн суралцана.