Усан замын тээвэр эрхлэгч, завь жолоодогчдыг салбарын шагналаар шагнаж урамшууллаа

Монгол Улс, ЗХУ-ын Засгийн газар хооронд Хөвсгөлийн усан замын газрыг Монголын талд шилжүүлэн өгөх асуудлыг 1952 оны 3 дугаар сард шийдвэрлэж, Ханх, Хатгал дахь усан онгоцны зогсоол, агуулах, ачих буулгах механизм, “Сүхбаатар” хөлөг онгоц болон 250-450 тн ачааны даацтай “Малчин”, “Ажилчин” нэртэй 2 чиргүүл, мөн засварын газар зэрэг буудлын барилга, байгууламжийг бүхий л тоног төхөөрөмжийн хамт  Монголын талд үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн байдаг. Үүгээр Монгол усан замын тээврийн салбар бие даан хөгжих үндэс суурь тавигдаж, тухайн оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монголын үндэсний усан замын газар байгуулагдаж, анхны дарга, ахмадаар Б.Чадраабал томилсон байдаг. Ийнхүү түүхийн он цаг 64 жилийг ардаа орхижээ. Тус ойг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Хөвсгөл нууранд усан замын тээвэр эрхлэгч, завь жолоодогч дараах иргэдийг шагнахаар шийдвэрлэсэн билээ. 

Хувиараа усан замын тээвэр эрхлэгч Б.Гантулга, тэрээр анх “Хөвсгөл усан зам” ХХК-д механикчаар ажиллахдаа аавыг дагалдан “Сүхбаатар” хөлөг онгоцон дээр ажлын гараа эхлүүлж байсан. Түүний эцэг өнөөдөр “Сүхбаатар” хөлөг онгоцны ахмадаар ажиллаж байгаа ба бидний сайн таних Л.Бадамдорж гуай юм. Мөн тус шагналаар шагнагдсан “Ашихай” жуулчны баазын завьчин О.Өнөрболд нь 2015 онд иргэнийхээ үүргийг биелүүлж, Хөвсгөл нууранд осолдсон 4 хүний амийг аварч байсан гавьяатай.
Далайн захиргаанаас усан замын тээвэр эрхлэгч, завь жолоодогч зарим иргэдийн идэвхи санаачлагыг үнэлж “Талархлын бичиг”-ээр мөн шагнасан бөгөөд үүнд ахмад ажилтан З.Даваа, завьчин П.Намуунбаяр, Э.Гантулга нар багтаад байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ