"Монголын мэдээ" сонины сурвалжлагч Батзаяа 2016-07-08
Дэлхийн цэнгэг усны нөөцийн хоёр хувь, Монголын газрын гадарга дээрх цэнгэг усны нөөцийн 75 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур дахь тээврийн аюулгүй үйл ажиллагааны үндэсний семинар энэ сарын 6-7-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд боллоо. Одоогоос 10 жилийн өмнө Монгол орны хойморт залрах далай ээжийн үзэсгэлэнт байгалийг харах гэж жилд 6-8 мянган дотоодын болон гадаадын жуулчин ирдэг байсан аж. Тэгвэл эдүгээ 60 мянган жуулчин ирэх болжээ. Жуулчдын тоо нэмэгдсэн, цаашид өсөх хандлагатай байгаа энэ үед нуур дахь тээвэрлэлтийн аюулгүй үйл ажиллагааг хангах, тэр дундаа зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үүнд техник болон боловсон хүчинг бэлтгэх нэн тэргүүний шаардлага манай улсад байна. Тиймээс Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны байгууллагын санаачилгаар Зам тээврийн яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Олон улсын далайн байгууллага, Олон улсын эрэн хайх, авран туслах холбоо хамтран “Монгол Улсын усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” үндэсний семинарыг зохион байгууллаа.
Энэхүү семинарт, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, Хөвсгөл БОНХАЖЯ-ны Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр, ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны Ази, номхон далай хариуцсан захирал Ситхи Устангоу, ОУЭХАТХ-ны дарга Хэлго Удо Фокс болон Архангай, Булган, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын хэлтэс, завьчид, Хөвсгөл аймгийн иргэд зэрэг 150 гаруй хүн оролцлоо. Далайн захиргаа нь Монгол Улсын томоохон гол мөрөн, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй аялал жуучлалын байгууллага, иргэд, мэргэжлийн ажилчдад чиглэсэн сургалт, семинарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна.
Энэ удаагийн семинарыг дотоодын гол мөрөн, нуур дахь тээврийн аюулгүй үйл ажиллагааг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг судлах, гадаадын судлаачдын зөвлөмж, зөвлөгөөг аваад зогсохгүй орон нутаг дахь тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар үндэсний хэмжээнд харилцан ярилцаж, туршлага судлах зорилгын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой аж. Үндэсний хэмжээний уг сургалтыг нээж, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар “Монгол Улсад гол мөрөн, нуурын тээвэрлэлтийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Тэр дундаа Хөвсгөл нуурт. Учир нь Хөвсгөл нуурыг зорьж ирэх жуулчдын тоо жилээс жилд өсч байгаа нь судалгаанаас харагддаг. Одоогийн байдлаар Хөвсгөл нуурт зөвхөн зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа явагддаг. Зорчигч тээвэрлэх, хүн тээвэрлэнэ гэдэг маш хариуцлагатай ажил. Тэр дундаа олон хүн тээвэрлэх нь их чухал. Тухайн зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хариуцах шаардлагатай болчихдог. Тэгэхээр хүний амийг хариуцаж байгаа учраас энэ нь хариуцлагатай бөгөөд эрхэм ажил болж байгаа юм. Энэ ажлыг хийхэд мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай. Мөн иргэдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх ч шаардлага бий. Хөвсгөл нуурыг зорьж ирж байгаа хүмүүс ихэвчлэн их усны талаар ямар ч мэдлэггүй байдаг. Зүгээр л амрах, зургаа авахуулах, зугаацан цэнгэх гэж л ирдэг.
Гэтэл завь нь дээр гарах дүрэм, журам хүртэл байдаг. Энэ бүгд усан зам тээврийн аюулгүй үйл ажиллагааг хангах зорилготой. Тэр дундаа зорчигчдын амь насыг хамгаалах чухал ач холбогдолтой. Гэтэл энэ хорио цээрийг хүмүүс мэддэггүй. Хэлсэн ч тоодоггүй. Энэ байдлаас болж амиараа хохирох тохиолдол гардаг. Тиймээс усан замын тээврийн аюулгүй үйл ажиллагааны сургалтыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар Далайн захиргаа, ЗТЯ-тай хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр бид бие биенээсээ харилцан туршлага солилцож, алдаа оноогоо хэлэлцэн цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох өдөр. Тиймээс та бүхэн семинартаа идэвхтэй оролцоорой” гэв.
Мөн энэ үеэр Далайн захиргааны дарга Х.Энхбаатар байгууллагынхаа талаар товч танилцуулга хүргэсэн юм. Тус байгууллага нь үндэсний хөлөг онгоц, багийн гишүүдтэй болж эх орныхоо экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэх эрхэм зорилготой бөгөөд 2003 онд үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Одоогийн байдлаар далайн тээвэрлэлт, хөлөг онгоц бүртгэл, дотоодын усан замын тээвэр, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, боомт ашиглах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тэр дундаа далайн боомт ашиглах, хөлөг онгоцны бүртгэлийг хийж эхэлсэн гэнэ. Энэ нь Монгол Улсыг дэлхийд таниулах, нэр хүндийг нь өсгөх төдийгүй цаашлаад дотоодын бараа бүтээгдэхүүнийг олон улсад тээвэрлэх суурь болж байгаа юм. Тухайлбал, Сингапур улсад үйл ажиллагаа явуулдаг “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компанид 2003-2015 онд давхарсан тоогоор гадаадын 2800 гаруй хөлөг онгоц бүртгүүлэн аялжээ. Харин одоогийн байдлаар 30 орны эзэмшил бүхий 500 гаруй хөлөг онгоц манай улсын далбаан дор эх далайд аялдаг байна.
Дээрх хөлөг онгоцнуудын бүртгэлийн хураамжаас олсон нийт ашгаас жилд 3.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ. Мөн дотоодын онгоцны бүртгэлийг ч гүйцэтгэдэг. Түүнчлэн тус байгууллага дотоодын усан замын тээвэрлэлтийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналт зохицуулалтын системийг тодорхой болгох зорилтын хүрээнд “Усан замын тээврийн тухай” бусад дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллажээ. Тэр дундаа усан замын тээврийн аюулгүй үйл ажиллагаа, зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд 2014 онд “Аврах хантаазны Олон улсын ISO 12402” стандартыг Монгол Улсын болгож батлуулсан хэмээн Далайн захиргааны дарга Х.Энхбаатар хэлсэн юм. Жилээс жилд Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо ихэсхийн хэрээр ослын хэмжээ ч нэмэгджээ.
Тус нууранд жилд дунджаар долоон хүн нас бардаг тухай Хөвсгөл аймгийн онцгой газрын албаныхан хэлж байв. Осол гарч буй шалтгаан нь иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нууранд орох, хэт олуулаа нэг завинд суух, аврах хантааз хэрэглэдэггүйгээс болдог байна. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нуур луу машинтайгаа орсон, мөн дөрвөн хүн тээвэрлэсэн моторт завь хөмөрсөн зэрэг хэрэг гарчээ. Хөвсгөл нуурт одоогийн байдлаар нэг ачаа ачигч Сүхбаатар онгоц болон 80 гаруй моторт завь иргэдийг тээвэрлэдэг ажээ. Улмаар лекц семинарт оролцогчдын илтгэл зөвлөгөөнөөр үргэлжилж, ОУЭХАТХ-ны дарга Хэлго Удо Фокс манай улсын эрэл, хайгуулын үйл ажиллагаанд зориулж нэгдсэн зөвлөмжийг хүргэсэн.
Тэрбээр, “Монгол Улсын хувьд эрэл, хайгуулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хийх хэрэгтэй. Мөн хөлөг онгоцны багийнхан нуурт гарахаасаа өмнө нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байх шаардлагатай” гэдгийг онцоллоо. Харин зөвлөгөөний хоёр дахь өдөр завьчдад зориулсан тусгай сургалтыг явуулсан юм. Энэ үеэр гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, ярилцав.