БНСУ-д далайн тээврийн мэргэжлээр суралцах оюутнуудыг сонгон шалгаруулах шалгалт явагдлаа

БНСУ-ын Далайн тээвэр, Загас ан агнуурын институт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөлөг онгоцны удирдлага, жолоодлого, инженерийн мэргэжлээр 1,6 жилийн хугацаанд далайчдыг бэлтгэдэг улсын сургууль юм. Хоёр орны холбогдох төрийн байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2013 оноос эхлэн Монгол залуус далайн тээврийн мэргэжлээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах боломж бүрдсэн ба 2 удаагийн элсэлтээр тус институтэд хөлөг онгоцны жолоодлогын офицер, хөдөлгүүрийн инженер мэргэжлээр 3 дугаар зэргийн офицероор бэлтгэгдэж эхэлсэн байдаг. Гурав дахь удаагийн элсэлтийн шалгалтыг ЗТЯ-ны харьяа Далайн захиргаа тус институттэй хамтран 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж, энэ оны эхний улирлаас эхлэн бүртгэлийн зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэснээс гадна их, дээд сургуулиудын оюутнуудтай уулзалт хийх замаар мөн мэдээллийг хүргэсэн. Энэ хугацаанд элсэлтийн шалгалтын бүртгэлд 20 гаруй оюутан залуус бүртгэгдсэн ба тэднийг Солонгос, Англи хэлний мэдлэг, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, ачаалал даах чадвар, БНСУ-д зорчих визний зөрчилгүй зэрэг шалгуураар бүртгэсэн.   
Элсэлтийн сонгон шалгаруулалтыг удирдан явуулахаар БНСУ-ын “Далайн тээвэр, загас агнуурын институт”-ын профессор ноён Чэ Пён Гюүн (Ph.D) тэргүүтэй багш нар манай улсад хүрэлцэн ирээд байна. Тус багш нарыг Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, УБТЗ-ын Тээврийн дээд сургуулийн дэд захирал Ш.Баяраа бусад албаны хүмүүс хүлээн авч уулзалт хийлээ.
Бүртгэлд хамрагдсан эдгээр оюутан, залуусаас дөрөв нь cонгон шалгаруулалтаас зохих оноо авч, тэнцсэн тохиодолд БНСУ-д тэтгэлгээр далайн тээврийн мэргэжлээр суралцах боломжтой болох юм.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ