Зам, тээврийн яам болон БНХАУ-ын Шилийн гол аймаг, Ляонин мужийн Жинжөү далайн боомтын төлөөлөгчдийн уулзалт саяхан боллоо. Энэ уулзалтын үр дүнгийн талаар Зам, тээврийн сайд М.Зоригтоос тодрууллаа.
Хятадын Шилийн гол аймгийн удирдлагууд болон Ляонин мужийн Жинжоу далайн боомтын удирдлагууд ирж танай яамныхантай уулзалт зохион байгууллаа. Уулзалт ямар хүрээнд болж, ямар асуудлуудыг шийдвэрлэсэн бэ?
-Уулзалтаар хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, Улаанбаатар-Шилийн гол хотын чиглэлд шууд нислэг үйлдэх талаар хоёр тал хамтран судалж ажиллахаар болоод байгаа.
- Энэ тал дээр Зам, тээврийн яам, холбогдох газар болон Шилийн гол аймгийн боомтын захиргаа хоёр талын авиа компаниудыг шууд нислэгийн асуудлаар холбоо тогтоож өгөхөөр ажиллаж байгаа. Монголын тал Шилийн гол хотын онгоцны буудлыг Олон улсын нисэх онгоцны буудлын зэрэглэлтэй болсны дараа манай ИНЕГ болон бусад холбогдох байгууллагууд шууд нислэг үйлдэх талаар судалж ажиллахаар боллоо.
Зам, тээврийн бусад салбаруудад ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой вэ? Манай улс Жинжоу боомтоор ачаа тээвэрлэх асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Хятадын талаас Зүүн хатавч-Бичигт боомтын хил дамнасан цэг болон авто замыг шулуун болгох, Бичигт-Зүүн хатавчийн боомтын ерөнхий төлөвлөлтийг уялдуулан боловсруулах талаар санал тавьж, бид бусад холбогдох газарт хандаж, боломжийг судалъя гэдгээ хэллээ.
- Харин Монголын тал Баруун Урт-Бичигтийн чиглэлд хийх авто замын урьдчилсан бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө танилцуулсан. Түүнчлэн төмөр зам, далайн тээврийн чиглэлээр хамтран ажиллах хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцлаа. 2004 оны “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг ойрын хугацаанд урагшлуулахаар тохиролцлоо. Бичигт-Зүүн хатавч боомтын төмөр замын санхүүжилтийн асуудлаар санал солилцсон.
- Хэрвээ Монголын тал зөвшөөрвөл Хятадын Шеньяаны төмөр замаас Бичигт-Зүүн хатавч боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилд санхүүжилт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Манай зүгээс Монголын талын чингэлгийн ачааг Жинжоу боомтоос Зүүн хатавч боомтоор дамжуулан Улаанбаатарт хүрэх, мөн Жинжоу боомтоос Эрээнээр дамжуулан Улаанбаатарт хүргэх төмөр замын тээвэрлэлтийг хийхдээ Хятадын нутгаар дамжин өнгөрөхөд тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлт үзүүлээч гэдэг санал тавьсан.
- Хятадын талынхан төмөр замын холбогдох байгууллагатайгаа хамтран зохицуулах асуудлыг ярилцахаар боллоо.
Жинжоу боомт тэгвэл Тяньжины боомт шиг болно гэсэн үг үү. Монгол Улсын далайд гарах хоёр дахь гарц нээгдлээ гэж ойлгож болох нь ээ?
-Манай яамны харьяа Далайн захиргааны төлөөлөгчийн газар Жинжоу боомтод албан ёсоор байгуулагдсан. Хятадын талд үүнд нэлээд ам сайтай байгаа. Монголын экспорт, импортын ачааг Жинжоу боомтод транзит гаалийн бүрдүүлэлт, мэргэжлийн хяналт зэрэг асуудлыг эцэслэн тогтохоор болсон нь бас нэг том алхам.