Монгол Улсын экспорт, импортын бараа эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан хоёр улсын нутаг дэвсгэрээр тээвэрлэж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр тус улсын Хөбей, Ляонинг мужийн гадаад худалдаанд нээлттэй боомтуудыг Монгол Улсад нээлттэй ашиглах “Монгол Улс, Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. УИХ-ын гишүүн М.Зоригт Зам, тээврийн сайдаар томилогдсон хугацаандаа Монгол Улсын урьд хөршийн далайн боомтоор дамжин тээвэрлэгдэж байгаа бараа, ачаа эргэлтийн урсгалыг нэмэгдүүлэх, түүнийг нэг далайн боомтоор дамжин тээвэрлэгдэж байгаа хугацаа, ачааллыг бууруулахад онцгой анхааран ажилласны үр дүнд БНХАУ-ын Жинжоу боомт хотын удирдлагатай харилцан тохиролцож, төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Төлөөлөгчөөр Далайн захиргааны логистик, боомт хариуцсан мэргэжилтэн Э.Ихбаярыг томилсон. БНХАУ-ын Жинжоу боомт хотын захиргаа болон Монгол Улсын Далайн захиргаа боомт ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээрт 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд Төлөөлөгч Э.Ихбаяр тус боомт хотын захиргаанаас төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах тухай батламжийг мөн гардан аваад байна.