Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдаж, тус хуралдааны үеэр Тээврийн дээд сургууль, БНСУ-ын Мокпо үндэсний далайн их сургуультай сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар багш, оюутан солилцох чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан.
Уг санамж бичигт тус сургуулийн далайчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийг Тээврийн дээд сургуулийн хөтөлбөрт оруулах боломжийг судлах, сургалтын хөтөлбөр боловсруулах, туршлага солилцох, холбогдох бусад судалгааг хийх ажлын хүрээнд Далайн захиргааны мэргэжилтэн О.Дашбалбар, Тээврийн дээд сургуулийн докторант багш С.Галбадрах нар тус улсад 2016 оны 06 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд ажиллаж байна.
Мокпо Үндэсний Далайн Их Сургууль нь анх 1950 онд Мокпо загас агнуур болон далайн ахлах сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба өдгөө 6 факультет, 4 сургууль бүхий их сургууль болон хөгжсөн. Хамгийн сүүлийн үеийн сургалтын орчин, техник технологиор тоноглогдсон ба өөрийн эзэмшлийн Сэнүри болон Сэюудал нэр бүхий хоёр сургалтын хөлөг онгоцтой.