БНСУ-ын Боомтын захиргааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын “Бусан” боомтын захиргааны хэлтсийн дарга Жин Гиү Ху тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Далайн захиргаанд хүрэлцэн ирж, албаны уулзалтыг хийлээ.
Уулзалтад БНСУ-ын “Бусан” боомтын захиргааны хэлтсийн дарга Жин Гиү Хугаас гадна Менежер Ким Мин Ган, Төлөвлөлт төсвийн хэлтсийн туслах менежер Ким Хён Сог, Монгол Улсын Далайн захиргаанаас дарга Х.Энхбаатар, далайчин Э.Энхбаяр болон бусад мэргэжилтнүүд оролцсон юм.
Хоёр орны далайн захиргаа, боомтын захиргаа хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, далайн тээвэр, боомтын үйл ажиллагааны чиглэлээр туршлага судлах, хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцоонд хүрсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. Мөн “Бусан” боомтын захиргаанаас ирэх 5 дугаар сард санаачлан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа “Олон Улсын боомтын сургалт”-д Монгол Улсын Далайн захиргааны мэргэжилтнүүдийг оролцуулахаа төлөөлөгчид мэдэгдсэн юм.