Монгол Улсын Тээврийн дээд сургууль, БНСУ-ын “Мокпо” Далайн үндэсний их сургуультай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
БНСУ-ын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайд ноён Юн Хак Бэ 2015 онд Монгол Улсад хийсэн албаны айлчлалынхаа хүрээнд манай улсын УБТЗ-ын Тээврийн дээд сургуульд зочилж, сургуулийн удирдлагууд болон оюутнуудтай уулзах үеэрээ хоёр орны ижил төрлийн сургуулиудыг харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх, багш, оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх, сургалтын материаллаг бааз, техник, технологийн дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ мэдэгдэж байсан юм.
Монгол Улсын Зам, тээврийн сайд М.Зоригт 2016 оны 3 дугаар сар 23-аас 26-ны өдрүүдэд БНСУ-д хийсэн албаны айлчлалын үеэр тус улсын “Мокпо” Далайн үндэсний их сургууль, Монгол Улсын Тээврийн дээд сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, БНСУ-ын “Мокпо” Далайн үндэсний их сургуулийн удирдлагууд болон гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Түмэнжаргал, Тээврийн дээд сургуулийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс байлцсан юм. Цаашид хоёр тал санамж бичигт тусгагдсан ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан мэдээллээ солилцох, эрх тэгш байдлыг ханган ажиллах зарчимд тулгуурлан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийх, багш-оюутан солилцооны хөтөлбөр, Монгол залуусыг далайн тээврийн мэргэжлээр бэлтгэх зэрэг чиглэлүүдээр хамтарч ажиллахаар болсон.
Улсдаа төдийгүй олон улсад нэр хүндтэй, 60 гаруй жилийн түүхтэй “Мокпо” Далайн үндэсний их сургууль нь далайн тээврийн мэргэшсэн инженерүүдийг бэлтгэдэг Солонгосын 2 том их сургуулийн нэг юм. Тус их сургуультай анх 2008 онд ШУТИС хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан байдаг.
Далайд гарцгүй Монгол Улс хувьд шинэ тутам хөгжиж байгаа далайн тээврийн салбараа хөгжүүлэхэд дэлхийн тэргүүлэх зэргийн улсуудтай хамтарч ажиллах нь нэн чухал асуудал. 2012 онд Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа, БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдаж, тус улсад Монгол залуус далайн тээврийн мэргэжлээр бэлтгэгдэн тухайн салбартаа ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2 оюутан мөн суралцаж байна. Ийнхүү хоёр орны зам, тээвэр болон далайн тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны үр дүнд хийж хэрэгжүүлсэн ажлууд олон бий.