Монгол Улсын Усны Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Бадрахын “Мир Байкала” сэтгүүлд өгсөн ярилцлага

Монголчуудын усанд хэрхэн ханддаг уламжлалт соёлын талаар яриагаа эхлэе?

Монголчууд бол эртний түүхэн уламжлал, соёлтой, бусад үндэстнүүдийг бодвол төрт ёс эрт бэхэжсэн ард түмэн. Ус гэдэг нь монгол хүний хувьд маш эрхэм зүйл. Нүүдэлчин соёл бол усаа дагаж бэлчээрээ сонгож явдаг өвөрмөц соёл юм. Бидний өвөг дээдэс устай холбоотой олон янзын хууль гаргаж ирсэн бөгөөд хуулийн гол баримтлал нь усыг хамгаалах, усыг бохирдуулахгүй байх гэсэн үзэл санаа байдаг. Нүүдэлчдийн усны менежмент гэж хэлбэл усыг хайрлахыг л гол үндэслэлээ болгож ирсэн байна. Жишээ болгож хэлэхэд, монголчууд сүүг эрхэмлэж, хамгийн ариун гэж тооцдог. Гэтэл усанд сүү дусаахыг хамгаас их цээрлэдэг ийм ард түмэн шүү дээ. Бодоод үз дээ. Сүү ариун атал түүнээс ч илүү усыг дээдэлж ирсэн байна. 13-р зууны үед л гэхэд булгийн эх дээр шээсэн хүнийг цаазаар авч байсан баримт байх жишээтэй. “Их засаг” хуульдаа бүр нарийн заагаад өгчихсөн, голын эх дээр малаа тахалсан хүнийг тэдэн бодоор торгоно гэх зэргээр. Түүхийн сурвалж бичгүүд, эртний хууль цаазад заасныг харахад ихэвчлэн байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, түүн дотроо усыг чандмань эрдэнэ мэт хайрлаж дээдлэх үзэл нэвт шингээстэй байдаг. Усыг бохирдуулахгүй байх уламжлал өдийг хүртэл бидэнд өвлөгдөж ирсэн юм. Элдэв осол гэмтлээс аврагдсан хүнийг “Агаар амьсгалах азтай хүн” гэж хэлдэггүй биз дээ? “Ус уух хувьтай юм” гэлцдэг. “Ус бол чандмань эрдэнэ” хэмээн хорвоод олдошгүй ховор нандин эрдэнэтэй зүйрлэдэг. Энэ бол нүүдэлчдийн байгальтай харьцах хамгийн том соёлын энгийн нэгэн жишээ. Эдүгээг хүртэл бид энэ соёлоо уламжилж авч үлдээд, усыг дээдлээд л явж байна. Нүүдэлчин соёлтойгоос гадна Монгол орны газар нутаг бол байгалийн бүх бүс бүслүүрийн онцлогийг өөртөө шингээсэн өвөрмөц тогтоцтой. Хоёр туйлаас дотогш орших тайга, мөнх цас, ойт хээр, хээр, говь, цөл гээд бүгд манайд бий. Газарзүйн хувьд ийм онцлогтой учраас усны чанар, тархац өөр өөр байдаг юм.

Монгол орны усны нөөц ямар байна вэ? Газар нутгийн хэмжээтэйгээ харьцуулбал усны хэмжээ багавтар. Газар нутгийн 70 орчим хувьд гадаргын ус байхгүй. Харин 30 гаруй хувьд нь хангалттай гадаргын ус бий. Тоогоор хэлбэл 605 км.куб усны нөөцтэй. Ашиглаж болох нь 35 км.куб. Дэлхийн хамгийн цэнгэг устай Байгаль нуурын гол тэжээл нь манайд оршиж байна. Тэр эх үүсвэрийн нэг Хөвсгөл нуур л гэхэд манай цэвэр усны 60 гаруй хувийг эзэлдэг. Ингэхээр усны нөөцийн хувьд гайхамшигтайд орно. Дэлхийн хэмжээнд энэ нөөцийг ярих ёстой. Байгаль нуурыг дэлхийн цэвэр усны том нөөцийн нэг гэж үзэх юм бол Хөвсгөл нуурыг, Монголын усны нөөцийг анхаарахаас өөр аргагүй юм. Ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл дараах линкээр орж үзнэ үү. http://www.water.mn/index.php/mn/2013-03-06-03-03-24/mendchilgee

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ